Пакистаны ерөнхий сайд асан эсэргүүцлийн жагсаалын үеэр буудуулсны улмаас хөлдөө шархдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 15 секунд

Пакистаны ерөнхий сайд асан эсэргүүцлийн жагсаалын үеэр буудуулсны улмаас хөлдөө шархдав

Өчигдөр Пакистаны зүүн бүсийн Вазирабад хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байхдаа тус улсын өмнөх ерөнхий сайд Имран Хан зэвсэгт халдлагад өртжээ.

Ерөнхий сайд асны автомашин руу нэг этгээд гал нээх үеэр нэг хүн алагдаж, таван хүн шархадсан юм. Энэ үеэр сум Имран Ханы хөлийг онож, шархдуулжээ.

Өчигдөр болсон жагсаал нь ээлжит бус сонгууль зарлахыг эрх баригчдаас шаардсан агуулгатай байсан юм.

70 настай Имран Хан уг жагсаалыг тэргүүлж, нийслэл Исламабад хотод хүрэх зорилготой байжээ.

Ерөнхий сайд асныг Лахор хотын эмнэлэг хүргэж, мэс засалд оруулсан байна. Мэс заслын дараа түүний биеийн байдал тогтворжсон тухай ойрын хүмүүс нь мэдээлжээ.

Имран Ханы амь насанд халдах оролдлогыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Харин түүний туслах үүнд Пакистаны одоогийн засгийн газар холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд хэргийг мөрдөн шалгах үүрэг өгсөн байна.

Крикетийн алдартай тамирчин байсан Имран Хан 2018 онд Пакистаны ерөнхий сайд болж, 2022 оны наймдугаар сард огцорсон юм.

Өнгөрсөн сард Пакистаны сонгуулийн ерөнхий хороо түүний төрийн албан тушаал хаших эрхийг тодорхой хугацаанд хасах шийдвэр гаргаж байв.

Имран Ханыг ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа гадаадын төрийн тэргүүнүүдээс авсан бэлэг дурсгалын зүйлсийг нуусан, зарж борлуулсан хэмээн буруутгажээ. Экс ерөнхий сайд үүнийг няцааж, өөрийнх нь эсрэг улс төрийн явуулга гэж нэрлэж байгаа.

Улс төрийн хүчирхийлэл, аллага Пакистан улсын түүхэнд олон удаа гарч байсан. Тухайлбал 2007 онд ерөнхий сайд асан Беназир Бхутто олон нийтийн арга хэмжээнд оролцож байхдаа бусдын гарт алагдаж байв.

Эх сурвалж: BBC

Санхүүгийн зохицуулах хороо БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо, Санхүүгийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар болов
Санхүүгийн зохицуулах хороо БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо, Санхүүгийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар болов
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ