Австрали литийн экспортоор дэлхийд тэргүүлдэг ч түүхий эдийнхээ дийлэнхийг БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг хэвээр байна.
Австралид төвтэй стартап “Recharge Industries” БНХАУ-аас түүхий эд авахгүйгээр лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэх 300 сая австрали долларын (210 сая ам.доллар) өртөг бүхий үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Энэ нь автомашин болон эд анги үйлдвэрлэгчид энэ зах зээлд ноёлдог БНХАУ-ыг орлох өөр ханган нийлүүлэгч хайж эхэлсний жишээ болж байна.
Тус компани Австралийн зүүн өмнөд хэсэгт орших Гилонгод энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2024 оны эцсээр үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг үүсгэн байгуулагч нь болох Дэвид Коллард онцолжээ.
Ашиглалтад орсныхоо дараа тус үйлдвэр эхний ээлжид жилийн хоёр гигаватт цагийн хүчин чадалтайгаар үйлдвэрлэл явуулах бөгөөд яваандаа энэ тоог 30 гигаватт цаг болгохоор төлөвлөжээ. Мөн энэ хүрээнд БНЭУ-ын эрчим хүч хадгалах байгууламжийн төслүүдтэй борлуулалтын гэрээ байгуулаад байгааг мэдээлсэн байна.
“Шинэ эрчим хүчний эрин үед дараагийн Саудын Араб бол Австрали улс. Ойрын 100 жилийн эрчим хүчийг үйлдвэрлэх бүх чухал ашигт малтмал бидэнд байна” хэмээн Дэвид Коллард онцолсон байна. “BloombergNEF”-ийн тайлангаас үзвэл тус улсад одоогийн байдлаар 25.6 гигаватт цагийн хүчин чадал бүхий цэнэг хураагуур үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа аж.
АНУ, Австрали болон БНЭУ дотоодын цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар шатах түлшний хэрэглээг халахын зэрэгцээ БНХАУ-аас импортын хамааралтай байдлаа бууруулахыг зорьж байгаа юм. Австрали улс цэнэг хураагуурын гол материал болох литийн экспортоор дэлхийд тэргүүлдэг ч түүхий эдийнхээ дийлэнх хувийг БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг хэвээр байна.