Швейцарийн Женев хотноо Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв “Хуваагдмал ертөнц дэх хамтын ажиллагаа” юм. Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн жилийн адил Оросын төлөөлөгчдийг чуулга уулзалтад уриагүй.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Лхагва гаригт тус чуулга уулзалтад цахимаар оролцож, холбоотнууддаа хандан, эргэлзэхээ больж, Киевт танк, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг шаардлагатай зэвсгүүдийг яаралтай нийлүүлэхийг уриалав.
Тэрбээр “Дэлхий дахин эргэлзэх ёсгүй. Дэлхийн дайчилгаа дайсны цэргийн дараагийн ажиллагааг зогсоох ёстой. Украиныг агаарын довтолгооноос хамгаалах системээр хангаснаар Оросын пуужингийн дараагийн довтолгоог няцаах боломжтой. Барууны холбоотнууд танк нийлүүлснээр Оросын танкуудын ээлжит дайралтыг зогсоож чадна" гэж хэлжээ.
Барууны холбоотнууд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Германы Рамштайн агаарын хүчний баазад уулзахын өмнө Зеленский видео холбоосоор холбогдож, Оросын цэргүүдийг хөөн гаргахын тулд Берлинээс өөрийн “Ирвэс” байлдааны танкийг Киевт нийлүүлэх асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг хүсчээ.
Зеленский "Зүүнд өдөр бүр тулалдаан болж байна. Бид хүчтэй, тууштай байна" гэж хэлжээ.
Чуулга уулзалтын үеэр, Украины Дотоод хэргийн сайд Лхагва гаригт нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа талаар асуухад тэрбээр “Би санаа зовохгүй байна. Миний үзэл бодол өөрчлөгдөөгүй. Бидэнд сум хэрэгтэй, би хаашаа ч яарахгүй байна" гэж хариулсан байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хейнс нар чуулга уулзалтын үеэр Киевийг өрөвдсөндөө бус, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Украиныг дэмжиж буйгаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: REUTERS, TASS