Малайзын агаарын тээврийн “MH17” онгоцыг 2014 оны долдугаар сарын 17-нд Оросын пуужингаар устгаж байв. Онгоцны сүйрэлтэй ямар ч холбоогүй гэж ОХУ үргэлж мэлзсээр ирсэн ба олон улсын мөрдөн байцаалтын багтай ч хамтарч ажиллахаас татгалзсан. Энэ ослын улмаас Амстердамаас Куала Лумпур луу нисч явсан 298 хүн амиа алджээ. Хангалттай нотлох баримт байхгүйн улмаас уг хэргийн мөрдөн байцаалтыг найман жил хагас түдгэлзүүлсэн юм.
Тэгвэл олон улсын мөрдөн байцаагчдын баг энэ хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч Путин холбоотой болох томоохон нотлох баримтуудыг илрүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, Путин “MH17” онгоцыг устгасан зэвсгийг Украины салан тусгаарлагчдад нийлүүлсэн байж болзошгүй байна. “MH17” онгоцыг “Бук” пуужингийн системээр устгаж байв. “Бук” пуужингийн системийг Курск хотод байрладаг Оросын цэргийн 53 дугаар бригадаас гаргасан байна.
“Магадлал өндөртэй нотлох баримтууд боловч бүрэн, баттай нотлохуйц хэмжээнд биш байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дээд цэгтээ хүрсэн. Бүх боломж шавхагдсан” гэж Нидерландын прокурор Дигна ван Боетзелаер хэлжээ.
Нидерландын шүүх тухайн үед хоёр орос, нэг украин босогчийг энэ хэрэгт буруутгасан боловч нэг оросыг нь цагаатгасан. Тэр үед босогчдод цэргийн дэмжлэг үзүүлэх шийдвэр Путины гарт байсан гэж албаныхан мэдэгджээ.
Олон улсын мөрдөн байцаагчдын багт Нидерланд, Австрали, Малайз, Бельги, Украины мэргэжилтнүүд багтдаг. Хохирогчдын ихэнх нь голландчууд байсан.