Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээнд цацагдахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ нэгдүгээр сарын 30-ны өдөр парламентын спикер Г.Занданшатарт хүргүүлжээ. Араас нь залгуулаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023.02.06-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандаж, гишүүний болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тэдний араас, хэн хэн шар шувтлахыг хэлэхэд хэцүү биш. Учир нь, АТГ-аас УИХ-ын долоон гишүүнийг нэр заачихсан. Тиймээс өөрөө түдгэлзэх өргөдлөө өгөх үү, өрөөлөөр /УЕП/ хүсэлт гаргуулах гишүүд долоогоор тогтохгүй байж мэдэхээр харагдана. Ийм олон гишүүн хулгай луйврын хэрэгт холбогдож байсан удаагүй. МАН засгийн эрх авснаас хойш төрийн сан хөмрөгийг тоносон хуулийн хамгаалалтай хулгайчдын тоо геометрын прогрессоор өсөх болсон.
Өмнөх парламентаас ЖДҮ-гийн хэргээр Б.Батзориг, Б.Ундармаа, Б.Солтан, Д.Дамба-Очир нар ял шийтгэл хүлээсэн. Н.Номтойбаяр, Д.Гантулга хоёр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шүүхээс ял шийтгэлээ авч байсан. Тэд бүгдээрээ МАН-ын гишүүд. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн хоёр нь АН, бусад нь МАН-ынхан. Товчхондоо, МАН-ын цагаан байр бөөс, хуурсандаа баригджээ.
Сайндаа биш санаа нь өргөдлөө өгсөн нэртэй хууль, шүүхээс зугтах зорилготой Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат хоёрын бичсэн өргөдөл нэг ижил утгатай, өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт холбогдуулж гүтгэж харлуулах ажиллагаа явуулсан тул гэх өрөвдөм тайлбартай. Өнгөцхөн харахад хэн нэгэнд, хэвлэлийнхэнд гоморхсон мэт боловч үнэндээ намын удирдлагууддаа хаягдсан, хандсан өширхөл, гомдол нэвт уншигдав. Ийнхүү цагаан сарын дараа цагаан байрны зодоон ширүүсэх нь, Ардын намынхан “үнэгээ ч авлаж”, үхрээ ч ээмэгжүүлэх нь нэн ойлгомжтой болов.
ЦАГААН БАЙР БА ХАР НҮҮРС
МАН-ын засгийн эрхийг барьсан хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө ганцхан жил үлджээ. Долоон жилийн дотор цагаан байрныхны таргалсан, монголчуудын турсан яг тэнцэнэ. Ардын намынхан авлигаа үрж ядаж, ард иргэд нь авсан цалингаа хүргэж ядаж амьдарч байгаа нь бодит үнэн.
Баялгийн эзэд нь Монголын иргэд биш МАН-ын гишүүд байсан нь тов тодорхой болов. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх билээ, тиймээс өнгөрсөн онд олон нийтийг хамарсан хоёр ч том жагсаал болсон. Жагсагчдын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг л зүйлийг амалдаг, авлигатай хийх тэмцлээсээ алхам ухрахгүй, улс орноо авлигаас салгана, ардчиллыг хамгаална гэж. Гэхдээ тэр үнэхээр айхгүй хийж чадах юм бол шүү дээ. Айдас нь Ардын намын цагаан байранд л бий.
“Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Б.Ганхуяг нь Т.Аюурсайханы, Д.Ариунболд нь Ж.Мөнхбатын хүн болохыг цагаан байрныхан гэлтгүй бүгд мэддэг, ярьдаг. Атал өнөөдөр тэд анд найз, журмын нөхдөө танихаа байжээ. Авлига, хулгайн хэрэгт холбогдонгуут анд нөхдөө таньдаггүй, мэддэггүй болж хувирдаг нь Ардын намынхны зан.
Нүүрсний хэрэгт баривчлагдсан, холбогдсон хүмүүсийн нэрсээс харахад цагаан байр хуурсандаа баригджээ.
Ихэнх нь Л.Оюун-Эрдэнийн намын нөхдүүд, журмын андууд. Ёстой баригдахгүй юм шиг хулгайлж, цадахгүй юм шиг иджээ. МАН ялсан юм чинь манийг хэн “шалгаж”, нохойг хэн саах вэ гэж бодоцгоосон байх. Тиймээс цагаан байрныхаа хуурснаас салж байж малгайд гарсан түрүүний бөөснөөсөө сална.
ХӨЛӨГ ОНГОЦ ЖИВЭХЭД ХАРХНУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЗУГТДАГ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдөлдөө хоёр шалтгаан тоочжээ. Нэг дэх нь, ээж нь гадаадад эмчлүүлэх болсон тухай шалтаг. Манай улстөрчид авлигаа хулгахй, луйвар нь илчлэгдэнгүүт гадагшаа зугтчихдаг нь гэм биш. Н.Удаанжаргал, Ө.Шижир, Т.Бадамжунай нараас эхлээд. Түдгэлзэхэд хүргэсэн хоёр дахь нь, шалтаг концесс, казино, цаг, нүүрс, машины гэх мэтчилэнгээр түүнийг гүтгэн харлуулсан юм байх аа. Тэгж ярих юм бол өөрөө л казиногоос 100 мянган ам.доллар хожсоноо хэлээ биз дээ, хэн нэгэн түүнийг гүтгэсэн юм лав байхгүй,
Харин Т.Аюурсайхан бүлгийнх нь гишүүн нүүрсний хэрэгт гүтгэсэн нь нэр хүндийг нь унагасан гэжээ. Угаасаа МАН-ынхан нүүрсний хулгайн дуулианаар бие, биенээ чичлэж, заагаад эхэлсэн. Яг нь живсэн хөлөг онгоцноос зугтаж буй хархнууд шиг байгаа.
Түүний удаах шалтагтаа дурдсан Засгийн газрын нэр хүндэд Т.Аюурсайханы холбогдсон хэрэг муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Авлигатай тэмцэх ажлаа танхимаасаа эхлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийн акц үнэгүйдэнэ, ард түмэн хүлээж авахгүй.
Тэр тусмаа гэм зэмгүй, гүтгэж гүжирдүүлсэн хохирогчийн дүрд хувирч, өргөдөл хүсэлтээ өглөө гээд энэ нь хуулийн хариуцлагаас мултрах үндэслэл биш. Хулгай хийсэн бол шорондоо суух нь зүйн хэрэг биз дээ. Нүүрсний хэрэгт холбоотой хэн ч байлаа, улстөрчийнхөө хувьд ёс зүйн хариуцлага, иргэнийхээ хувьд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй. Улсаа авлигад живүүлчхээд өөрсдөө гадагшаа зугтана гэж саналтгүй. Хөлөг онгоц живэхэд хамгийн түрүүнд хархнууд зугтдаг шиг.