Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтыг /2023.02.14/ зохион байгуулсан. Энэ үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан "Сурагчид өдөрт хоол тэжээлээс авах ёстой нийт илчлэгийнхээ ердөө гуравны нэг буюу 10-20 хувийг л авч байна. Тиймээс сурагчид хангалттай илчлэгээ авч чадахгүй байгаа учир хагас өлөн байдалтай байгаа" талаар дурдсан юм. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагууд дотуур байрны багш нарыг бэлдэх модуль боловсруулж бүх багш нартаа хүссэн сургалтыг нь зохион байгуулсан. Үүнтэй уялдуулан цаашид хэрхэн дотуур байрны үйл ажиллагаанд анхаарах талаар Үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс үндэсний бодлогын түвшин, хэрэгжүүлэгч агентлаг болон орон нутаг, нэгж байгууллагын түвшинд анхаарах ёстой зөвлөмжүүдийг гаргасан.
Эдгээрээс хамгийн их анхаарах ёстой зүйлсийн нэг бол дотуур байрны хоолны асуудал юм.
Засгийн газраас шийдвэр гаргаж, ерөнхий боловсолын сургууль болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхдийн хоолны мөнгийг нэмж 4000, 4300 төгрөг болгосон. Энэ бол хангалттай мөнгөн дүн биш. Цаашдаа дотуур байранд суралцаж байгаа сурагчид өдөрт хоолноос авах ёстой шим тэжээлээ бүрэн авах ёстой. Тиймээс энэ ажлыг цаашдаа үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллана. Мөн дотуур байрны орчин нөхцөл, гал тогоонд ажиллаж буй тогооч, боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэх ажлыг үе шаттайгаар хийнэ" гэдэг хариултыг өглөө.
Н.Уянга