Цахим хуудаст түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-нд дээрэм хийж буй залуусын бичлэг өчигдөр /2023.02.15/ цацагдсан. Дээрэмд холбогдогчдыг эрэн хайж, саатуулсан болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01:30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг илрүүлжээ. Тус хэргийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгаж байжээ.
Иймд худалдаа эрхлэгч та бүхэн өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаааруулж байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллжээ. Олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажил дууссаны дараа хариуцлага тооцно гэлээ.