Дуучин Д.Ариунбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 12 секунд

Дуучин Д.Ариунбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн болов

НЭМЭЛТ:

Соёлын төв өргөөний захирал, дуурийн дуучин Д.Ариунбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэв. Мөн Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү, Увс аймгийн Давст сумын өндөр настан Ю.Жавзанг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

РҮВЖИРИЙН САНДУЙЖАВД АРДЫН ЭМЧ ЦОЛ ХҮРТЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Рүвжирийн Сандуйжавт Монгол Улсын Ардын эмч цол олголоо.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 44 жил ажиллахдаа АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшаас тэнхимийн эрхлэгч хүртэл шат дараалан дэвшиж, халдвар судлалын нарийн мэргэжлийн мэс заслын арга зүйг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, мэс ажилбарыг боловсронгуй болгоход анхааран ажиллахдаа эмчилгээний шинэ аргуудыг клиникийн практикт нэвтрүүлэн, мэс заслын 100 гаруй арга технологийг нутагшуулж, давхардсан тоогоор 726 мянган иргэнд үзлэг оношлогоо, 90 орчим мянган өвчтөнд мэс засал хийснээс 18,500 өвчтөнд элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай гүйцэтгэж, 2011 оноос “Элэг шилжүүлэн суулгах баг”-ийг удирдан зохион байгуулан, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслуудыг амжилттай хийж, ард олны дунд “Элэгний” хэмээн нэрлэгдэж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж, эмчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан, эмч, мэргэжилтэн бэлтгэх 100 гаруй хөтөлбөр, сургалтын шинэ стандартуудыг боловсруулж, олон арван эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлсэн юм.

ЦЭВЭГИЙН БАЙДЫД АРДЫН ЗУРААЧ ЦОЛ ХҮРТЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээв.

Тэрбээр Монголын соёл урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж, Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг гаргасан нь үзэгч олны таашаалд нийцэж, мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээсэн шог зургуудаараа үе үеийн залуу зураачдыг сурган хүмүүжүүлж, Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд” “Наран дуулал” зэрэг олон арван үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлан таниулсан юм.

ДБЭТ-ЫН ГОЦЛОЛ ДУУЧИН Ш.НАРАНЧИМЭГ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛ ТЭМДГЭЭР ЭНГЭРЭЭ МЯЛААНА

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.02.17/ Төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр олны танил уран бүтээлчид энгэрээ мялаах юм. Ингээд шагнал хүртэх зарим уран бүтээлчдийг танилцуулъя.

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ш.Наранчимэг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаахаар болжээ. Тэрбээр 2003 оноос одоог хүртэл УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ хүргэсэн юм.

Ш.Наранчимэг 1999 онд Хөгжим бүжгийн коллеж, 2003 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн удирдлагад тус тус суралцаж төгссөн. Мөн 2006 онд Италийн Ром хотын “Accademia Nazionale di Santa Cecilia” консерваторид мэргэжил дээшлүүлсэн.

Мөн тэрээр ОХУ-ын Улан-Үдэ хотноо Ж.Верди “Трубадур” дуурийн Леонора, АНУ-ын Сан-Франциско хотноо Ж.Вердийн “Реквием”, 2019 онд БНХАУ-ын Хөх хотноо “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тус тус тоглосон.

Р.МӨНХСАЙХАНЫГ УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАХААР БОЛЖЭЭ

“Улаанбаатар” чуулгын дарга асан Р.Мөнхсайханыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнахаар болжээ. Түүнийг ард түмэн "Рок" Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү танина.

Тэрбээр анх 2003 онд сурталчилгааны салбарт "Жи" энтертайнмент студийг үүсгэн байгуулж, Монголын хамгийн топ клип, рекламуудыг хийдэг болсон. Р.Мөнхсайхан нь "Никитон" хамтлагийн "Хос хунгийн дууль", "Нандин шүтээн" дуу болон "Харанга" хамтлагийн "Шиврээ бороо", Хурд" хамтлагийн "Алив бос" зэрэг дууны зохиогч юм.

Мөн "Татар ажиллагаа", "Би чамд хайртай 2" гээд уран сайхны киног зохиож, Берлиний олон улсын "Алтан баавгай"наадмаас "Болор баавгай" хүртэж дэлхийн кино фестивалийн улаан хивсэн дээр алхаж байв.

ШОГ ЗУРААЧДААС АНХНЫ АРДЫН ЦОЛЫГ Ц.БАЙДЫ ХҮРТЭНЭ

Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды сар шинийн босгон дээр "Монгол Улсын Ардын зураач" цол хүртэхээр болжээ. Ийнхүү шог зураачдаас анхны ардын цолтон төрж буй аж. Ц.Байды "Шог зураг бол сэтгэлгээний урлаг" хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр сүүлд 2022 онд "Алтан шар зам" шог зургийн 16 дахь үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.

Ц.Байды нь Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Байды гуайн аав Цэвэг хэмээх төрийн хар хүн байв. Цэвэгийн удмыг залган төрсөн Байды хүү багаасаа уран зураг сонирхож, улмаар 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгссөн мэргэжлийн зураачдын нэг болсон билээ. 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” зургуудаараа Улсын уралдааны 2, 3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байв

Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэд дахин бухимдав
Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэд дахин бухимдав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ