Хүүхдийн 100 мянган төгрөгийг сар бүрийн 20-нд олгодог ч сар шинэ болохтой холбогдуулж, өчигдрөөс шилжүүлж эхэлсэн.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгч буй мэдээллээр хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1.151.300 хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэснээс өчигдрийн байдлаар /2023.02.16/ 1.122.600 хүүхдэд энэхүү мөнгөн тэтгэлгийг шилжүүлжээ. Харин үлдсэн 28700 хүүхдэд хоёрдугаар сарын 20-н буюу сар шинийн битүүний өдөр 100 мянган төгрөгийг олгохоор ажиллаж байгаа аж. Ийн 28 мянга орчим хүүхдийн мөнгийг битүүний өдөр шилжүүлэх болсон нь мэдээллүүд нь зөрж, алдаа гарсныг залруулсантай холбоотойгоор мэдээллийг засах зэрэг ажлууд хийгдэж байгаатай холбоотой аж.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ "еmongolia" болон "ehalamj" цахим системээр шалгах боломжтой.
Сануулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байгаа аж. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг албаныхан зөвлөлөө.
Г.ХОРОЛ