Газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилгад 70 мянган хүн сурч, ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

Газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилгад 70 мянган хүн сурч, ажиллаж байна

Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотод баригдсан барилгууд энэ эрсдэлийг даах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Иймээс барилга байгууламжид тавигддаг стандартын талаар Хотын стандарт хяналтын газрын Олон нийттэй харилцах ажилтан М.Пунсалмаагаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй барилга хэд байна вэ?

-Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал 22-48 хувь, гэр хороололд 81 хувь хүртэл гэж үнэлсэн. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хүчитгэх замаар үүсч болзошгүй хохирлыг багасгах, бууруулах арга хэмжээ авахыг зөвлөсөн.

2022 он хүртэл нийт 898 барилгад буюу 48 хувьд судалгаа хийн дүгнэлт гаргаж паспортжуулсан. Ажлын үр дүнгээс харахад газар хөдлөлтөд тэсвэртэй 203, бэхэлгээ хийж хүчитгэх шаардлагатай 188, тэсвэргүй 507 барилга байна. Эдгээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй барилгуудад 70 гаруй мянган хүн сурч ажиллаж байна. Дээрх газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилгаас 344 орон сууцны барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ашиглахыг хориглох шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын 16 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гаргасан.

-Та сая газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга, хүчитгэх шаардлагатай 188 барилга байна гэлээ. Энэ мэдээллийг тодруулж өгөөч. Тухайлбал, хэдэн онд баригдсан барилгуудыг буулгахаас аргагүй байгаа вэ?

-Судалгааны үр дүнгээс үзэхэд, 1970 оноос өмнө баригдсан тоосгон барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар туйлын муу, 1971 оноос хойш баригдсан тоосгон барилгууд нь тодорхой хэмжээгээр газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай боловч хүчитгэх шаардлагатай байгаа.

Мөн 1965-1980 онд баригдсан төмөр бетон угсармал хийцтэй зарим барилгуудын хүчитгэх шаардлагатай.

-Сүүлийн үед баригдсан шинэ барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ?

-Тухай барилгын чанар, газар хөдөлтөд тэсвэрлэх байдал нь зураг төсөл, барилгын материал, барилга угсралтын чанар, түүнд тавих хяналтыг хэрхэн хийсэнтэй шууд холбоотой.

Барилгын тухай хуульд баригдаж байгаа барилгын зураг төслийн төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл, норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хараат бус магадлалын дүгнэлт гаргах эрхийг Барилгын хөгжлийн төвд олгосон.

Харин барилга угсралтын чанар, газар хөдөлтөд тэсвэрлэх байдалд захиалагч, зураг төсөл зохиогч шууд хяналт тавихаар, хөндлөнгийн хяналтыг хяналт хэрэгжүүлэгч байгууллага тавихаар зохицуулсан байдаг.

-Стандартаар барилгууд хэдэн баллд тэсвэртэй байх ёстой вэ?

-Барилгын тухай хууль, норм норматив болон Газар хөдлөлийн бичил мужлалын зурагт заасан 7-8 баллын шаардлагуудыг хангасан байх ёстой.

Н.УЯНГА

Хятадын удирдагчид Covid-19-ийг ялснаа зарлав
Хятадын удирдагчид Covid-19-ийг ялснаа зарлав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ