Долоо хоногийн өрнийн зурхай 2023.II.27-III.05
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 16 секунд

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.II.27-III.05

Хонь

Орчин үеийн чиг хандлагыг дагахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно. Заримдаа бусдын санаа бодлыг сонсож, гадаад ертөнцөд юу болоод байгааг ойлгож, мэдрэхийг хичээ. Хэтэрхий өөрийнхөөрөө зөрүүдлээд байвал та өөрөө өөрийнхөө хаалгыг хаахаас цаашгүй. Хэрвээ танд таалагддаг хүн бий бол зориг гарган үйлдэл хийгээд үз. Магадгүй тэр хүн чинь тантай адил бүрэг ичимхий болохоор хоёр талд дэмий бие биеэ хүлээдэг байж мэдэх юм. Харин та хэдийнэ хосоо олсон бол өөрийн эрх ямбаа бага зэрэг хязгаарла. Нөгөө хүндээ байнга дарамт мэдрүүлэх хэрэггүй. Ажил дээрээ та идэвх санаачлага сайтай байж, бусдын туслалцаагүйгээр олон зүйлийг хялбархан хийж дөнгөнө. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ хүнд итгэж мөнгө зээлүүлж болохгүй. Мөн цахим залилангаас сэргийл.

Үхэр

Үхрийн ордныхны хувьд аж амьдрал харьцангуй тайван байна. Алдаа гаргахгүй гэж хэт хичээж, биеэ цэнэх нь эргээд танд зовлон болдог байж магадгүй юм. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа тайван чөлөөтэй, өөрийнхөөрөө бай. Ингэснээр танд боломж гарч ирнэ. Тайван чөлөөтэй байдал нь таны өөртөө итгэх итгэлийг ч нэмэгдүүлнэ. Хэрвээ та хосоо олсон бол түүнээсээ хэт их зүйлийг хүсч, шаардах хэрэггүй. Энэ долоо хоногт таны толгой тархи бүтээлч санаагаар бялхаж, ажил хэрэг бүтэмжтэй байна. Та удирдлагадаа өөрийгөө ойлгуулж, ажлын явцад өөрийгөө таниулахдаа гаргууд хүн юм. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө санхүүгээ өсгөх олон боломж гарч ирнэ. Академик болон хэлний чадвараа дээшлүүлэхэд анхаарч чадвал энэ нь таны ирээдүйд нэн тустай.

Ихэр

Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Бие махбод тань амармаар байвал амраа. Хэдий чинээ хүчлэнэ, юмс төдий чинээ нөгөө тийшээ эргэнэ. Оюун санаагаа амрааж, чөлөөтэй бодож сэтгэх боломжийг өөртөө олго. Эсвэл стрессийг бууруулах ямар нэг спортоор хичээллэ. Ганц бие ихрүүд анхны харцаар дурлаж, түүнийхээ хойноос уйгагүй хөөцөлдөх магадлалтай. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж бийг үргэлж сана. Гэрлэсэн хосуудын хувьд аз жаргалаа хамгаалахын тулд нууцаар халамж, хайраа илэрхийлэх хэрэгтэй болно. Энэ долоо хоногт удирдлагууд тань таныг үнэлж, карьераа өсгөнө. Өндөр байр сууринд нэгэнт заларсан бол өөрийн хүч чадлаа өмнөхөөсөө илүү ойр ойр давтамжтай батлан харуулах шаардлагатай болно гэдгийг санаарай. Санхүүгийн хувьд танд аз тохиох хэдий ч зарцуулалтдаа хянамгай байгаарай.

Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногт түмэн завгүй байх нь. Таны хувьд цагаа зөв зохистой хуваарилах л хамгийн чухал байна. Элдэв шалдар булдар зүйлд цагаа үрэхээс зайлсхий. Ганц бие хүмүүсийн өмнө хэд хэдэн боломжийн сонголт гарч ирнэ. Гэвч та хэнийг нь сонгохоо мэдэхгүй байгаа нь л асуудалтай. Зүрх сэтгэл тань нэгийг хэлэх боловч тархи юу гэж байгааг бас сонсоод үзээрэй. Үгүй бол сүүлд нь та өөрөө зовж мэдэх юм. Гэрлэсэн хосууд хамтдаа цагийг сайхан өнгөрөөнө. Ажил дээр бага сага асуудал гарна. Гэхдээ эдгээр нь цаг хугацааны л шинж чанартай байх юм. Хожим нь бодох тусам асуудлын гол учиг юунд байсныг та ойлгож, шийдлээ олж чадна. Санхүүгийн байдал онцын өөрчлөгдөхгүй. Орлого зарлагаа тэнцүүхэн бариад, хүслээ биш хэрэгцээгээ хангаад явахад асуудалгүй.

Арслан

Шийдвэр гаргахдаа хэт их эргэлзэж, олон зүйл бодох хэрэггүй. Ирээдүйд юу болохыг олж мэдэхийн тулд яг одоо хийж эхлэх л хэрэгтэй. Эргэлзсээр байтал олон сайхан боломж хажуугаар тань нисээд өнгөрлөө. Эсвэл ойр дотныхоо хүмүүсээс санаа бодлыг нь асуу. Ганц бие хүмүүс өнгөрсөн үеийн хүнд ачаагаа нуруун дээрээсээ авч хая. Ингэж байж урт хугацааны тогтвортой харилцааг үүсгэж чадна. Хосуудын харилцаа тааламжтай байна. Таны чин сэтгэл хайртай хүнд тань аюулгүй мэдрэмжийг өгч чаддаг юм байна. Ажил, бизнес маш сайн байна. Зарим арслангийн хувьд тодорхой зорилгоо биелүүлж, цойлон гарч ирж ч магадгүй. Удирдлагууд тань таныг сайшаан магтана. Мөнгө зарцуулалтдаа хянамгай байхыг онцгойлон зөвлөж байна. Шаардлагагүй зүйлд хэт их мөнгө үрэхгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй бай. Үнэхээр чухал хэрэгцээтэй зүйлээ л худалдан ав.

Охин

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хөлсөө урсгах л хэрэгтэй болох нь дээ. Цаг хугацааг дэмий өнгөрөөх боломжийг өөртөө бүү олго. Ирээдүйнхээ талаар илүү нухацтай бод. Хэрвээ та ганц бие бол одоо тайван сууж байх цаг биш. Ямар нэгэн боломж гарч ирвэл зоригтой байж, санаачлага гарга. Магадгүй цаад хүн чинь таны хайж байсан заяаны хань байж мэдэх юм. Гэрлэсэн хосуудын хувьд харилцаа төдийлөн таатай бус байна. Жижиг сажиг зүйлээс болж гэр бүлийн хүнтэйгээ маргана. Ажил дээр бага зэрэг дарамт шахалт мэдэрнэ. Дэмий санаа зоволтоор өөрийгөө ядраахын оронд илүү шаргуу ажиллаж, асуудлыг шийдвэрлэхдээ л төвлөр. Хүнд хэцүү цаг үе нэг л мэдэхэд ард хоцорсон байдаг гэдгийг сана. Санхүүгийн байдал бага зэрэг ганхана. Гэхдээ энэ нь түр зуурын л асуудал.

Жинлүүр

Нийгмийн харилцаагаа сайн сайхан байлгахын тулд хүмүүст тэвчээртэй ханд. Үргэлж таны зөв байна гэж үгүй. Хэт хатуурхахын оронд заримдаа бусдад буулт хийж, тэдний санаа бодлыг сонс. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийг сана. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Гэрлэсэн хосуудын харилцаа хандлага эерэг байна. Өмнө нь харилцааны бага сага асуудал байсан бол энэ долоо хоногт хэн хэндээ зөөлөн хандаж, асуудлыг шийдэж чадна. Эрүүл мэндийн байдлаас болж ажлын бүтээмж бага зэрэг муудаж магадгүй. Тиймээс идэвхтэй хэв маягтаа эргэн орохын тулд өөртөө жаахан анхаарал хандуул. Өмнө нь та бусдад сохроор итгэж хөрөнгө оруулалт хийсэн байж магадгүй. Энэ нь танд тэгтлээ хохирол учруулаагүй ч амьдралд тань томоохон сургамж болжээ. Дахин хөрөнгө оруулалт хийхээр бол маш сайн нягталсны үндсэн дээр шийдвэрээ гаргаарай.

Хилэнц

Бусад хүн таны эсрэг байсан ч тэдний үгийг сонс. Өөрийнхөөрөө зүтгэлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Ганц бие хүмүүс азгүйтэж, сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хэрвээ та хосоо олсон бол энэ долоо хоногт харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадна. Та хоёрын хувьд цаг хором бүрийг энгийнээр хамтдаа өнгөрөөх нь л аз жаргал болдог юм байна. Ажил дээр урьдчилан тооцоолоогүй зарим нэг хүндрэл гарна. Ажиллах арга барилаа өөрчлөх нь стрессээс ангижирч, асуудлын шийдлийг олоход тустай. Оюутан сурагчид цаг хугацаагаа зөв зүйлд зориулж чадвал дүнгээ өсгөх боломжтой байна. Энэ долоо хоногт суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Багш нартайгаа харилцаа холбоо сайтай байж, олон чухал зүйлийг сурна. Санхүүгийн байдал санаа зовох зүйлгүй сайн байна. Хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ.

Нум

Нумын ордныхонд энэ долоо хоног тааламжгүй өнгөрнө. Та гарах гарц хайж, сандрах тусам өөрийгөө ороосон хүлээсийг улам л чангална гэдгээ сана. Ганц бие хүмүүс зүрх сэтгэлээ нээх учраа олохгүй байсаар үйл явцыг улам л хүндрүүлэх магадлалтай байна. Хэрвээ та хостой бол одоогийн аз жаргалаа хадгалж үлдэхийн тулд өмнөх асуудлаа зоримог шийдвэрлэ. Энэ долоо хоногт найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж магадгүй. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэд таны үзэл бодлыг үл хүндэтгэж, та ганцаараа ажиллахыг илүүд үзэж магадгүй. Мөнгө зарцуулалтдаа хянамгай ханд. Хэрэггүй худалдан авалт хийхгүйн тулд нарийн төлөвлөгөө гарга.

Матар

Матрын ордныхон энэ долоо хоногт урьд урьдныхаасаа илүү нээлттэй, хөгжилтэй, эерэг хандлагатай байна. Ингэснээр ажил дээрээ ч амжилт гаргана. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, сэтгэл хөдлөлөө хуваалцах найзтай бол. Хэрвээ та идэвхтэй байвал зарим цахим харилцаагаа ахисан түвшинд гаргах боломжтой байна. Харин та хостой бол энэ долоо хоног туйлын романтик өнгөрнө. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг хүлээж авна. Бэлэг сэлт сэтгэлийг тань хөдөлгөсөн ч хэт их хүлээлтээс зайлсхий. Ажил дээр бага зэрэг дарамттай байна. Гэхдээ санаа зоволтоор өөрийгөө ядраах хэрэггүй. Шаргуу ажиллаж, асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт л төвлөр. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Одоогийн орлого тань идэж уух, өмсөж зүүхэд хангалттай хүрнэ. Хадгаламжаа нэмэгдүүлж чадахгүй.

Хумх

Санаа зовж байсан асуудлууд саадгүй бүтэх магадлалтай байна. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгахад цаг гарга. Ганц бие хүмүүс янз бүрийн арга хэмжээнд оролцсоноор шинэ харилцаа үүсгэх магадлалтай байна. Хэрвээ та гэрлэсэн бол сөрөг сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөе. Хайр сэтгэлийн харилцаанд санал зөрөлдөх, маргалдах тохиолдол олон гарах ч хамгийн чухал нь бие биеэ ойлгох юм. Энэ долоо хоногт ажил ихтэй байна. Бараг өдөр бүр нэг зүйлээ давтсаар сүүлдээ уйдах хандлагатай байна. Гэхдээ та анзаараад харвал ажлаасаа баяр баясгаланг олох боломж байна. Та зүгээр л хэтрүүлэн бодоод байна. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүй байна. Амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд шинэ ажил хайх талаар бодож үзэх хэрэгтэй ч байж мэдэх юм.

Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт элдэв зүйлд санаа зовохгүй, харьцангуй тайван амгалан байна. Ганц нэг асуудал үүссэн ч харах өнцөгөө өөрчлөх төдийд л энэ нь шийдэгдэнэ. Хэрвээ та ганц бие бол шинэ хүнтэй танилцахаас айж, зугтах хэрэггүй. Урт хугацааны тогтвортой харилцаа эхлүүлэх боломж гарч ирж магадгүй. Хосуудын хувьд онцын том асуудалгүй, тайван долоо хоног өнгөрнө. Ажил дээрээ ур чадвараа батлан харуулах шаардлагатай нэмэлт үүрэг даалгавар хүлээж авна. Тэрхүү даалгаврыг гүйцэтгэх хангалттай эрч хүч, хүсэл эрмэлзэл танд байна. Таны анхаарал зүйл бол хурд. Хурдаа сайжруулж чадвал үнэ цэнтэй олон зүйлийг гартаа оруулж чадна. Санхүүгийн байдал сайн байна. Тооцоолоогүй зардал гарах хэдий ч гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр үүнийг шийдэж чадна.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардуулав
Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардуулав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ