Н.Мөнхзул: Иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд

Н.Мөнхзул: Иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Гаалийн байгууллагаас төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжтой болоод байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзултай ярилцлаа.

Гаалийн цахим үйлчилгээний системийг хэзээнээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цахим үйлчилгээний www.gaali.mn системийг 2021 оноос нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 25.5 мянган үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэ хэмжээгээрээ иргэдийн зардал, чирэгдэл, хугацааг хэмнэж байгаа ач холбогдолтой юм.

Цахим системд хэрхэн нэвтрэх вэ? Тусгай эрх авсан байхыг шаардах уу?

www.gaali.mn системд нэвтэрч орсноор гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр иргэн, аж ахуйн нэгжүүд интернэт банк болон тоон гарын үсгээр нэвтрээд гаалийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой.

Гаальд иргэд өөрийн биеэр очихгүйгээр цахимаар мэдүүлдэг болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Өмнө нь иргэн, аж ахуйн нэгж гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулаад төлбөр төлж мэдүүлэг бичүүлдэг байсан бол одоо өөрсдөө www.gaali.mn-аас экспорт, импортын гаалийн барааны мэдүүлэг, автомашин болон зорчигчийн барааны гаалийн мэдүүлгийг өөрсдөө нөхөн бичих боломжтой болсон. Гаалийн мэдүүлгийг бичихдээ дагалдах бүх бичиг баримтуудыг цахимаар илгээнэ. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, заавал байцаагч дээр бичиг баримтыг өөрийн биеэр авч очих шаардлагагүй болж байгаа гэсэн үг.

Түүнчлэн лавлагаа, тодорхойлолтыг цаасаар авдаг, заавал тусгай эрх авч байгаад гаргадаг байсан бол www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас олгож байгаа “Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа”, “Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт”, “Гаалийн зөрчлийн лавлагаа” цахимаар авах боломжтой болсон.

Мөн www.gaali.mn системээс мэдээ мэдээлэл, гарын авлага, барааны ангилал, татвар тарифын мэдээлэл, чингэлэг дугаар, тээврийн хэрэгслийн дугаараар ачаа улсын хилээр ороод аль хяналтын бүс дээр байгаа эсэх мөн мэдүүлэг нь хяналтын аль шатанд явж байгааг системээс харах боломжтой. Өөрөөр хэлбэл, www.gaali.mn-ээс иргэн 13 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Цаашид ямар төрлийн гаалийн үйлчилгээнүүдийг цахим болгохоор ажиллаж байгаа вэ?

Хамгийн сүүлд Гаалийн татварын чөлөөлөлтийн хүсэлтийг цахимаар авах ажил туршилтын шатанд явж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гаалийн “Татварын чөлөөлтийн хүсэлт”-ийг цаасаар өгч байсныг бүрэн цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацаа хэмнэж, нүүр тулсан харилцааг багасгасан ач холбогдолтой.

БНАСАУ тив алгасах баллистик пуужин харважээ
БНАСАУ тив алгасах баллистик пуужин харважээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ