Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нар Архангай аймгийн 51, Баян-Өлгий аймгийн 296, Дархан-Уул аймгийн 100, Дорноговь аймгийн 173, Дундговь аймгийн 15, Орхон аймгийн 42, Сүхбаатар аймгийн 25, Төв аймгийн 40, Увс аймгийн 11, Ховд аймгийн 41 объектод тус тус шалгалт хийжээ.
Шалгалтын хугацаанд нийт 806 объектоос 146 зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал иргэний үнэмлэх барьцаалсан 86, энгийн гадаад паспорт барьцаалсан 4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ барьцаалсан 5, төрсний гэрчилгээ барьцаалсан 51 зөрчлийг тус тус илрүүлж, барьцаалсан бичиг баримтыг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авчээ.
Хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хоёр нь Баян-Өлгий аймагт, хоёр нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр гэрчилгээг хаяж гээгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болгуулж шинээр гэрчилгээ авсан байна.
Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 10 хүн, хуулийн этгээдийн зөрчилд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 250,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Цаашид иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалахгүй байхыг анхаарууллаа.
Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч байна гэж заасан.
Эх сурвалж: УБЕГ-ын Хяналт шалгалтын газар