БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатсан үйл явдал болсон. Үүнтэй холбогдуулан “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р болон Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ.
Тээврийн прокурорын газрын хэрэгт хяналт тавьж буй прокуророос тодруулахад: “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлсэн.
Тодруулбал, жолооч Ч.Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна.
Мөн Мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан гэв.