Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх санал авч эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх санал авч эхэлжээ

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн тул өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19,1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8,4 хувиар өссөн байгаа аж. 10 хоногийн дараа сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг ч албаныхан тооцоолж буй.

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдөр хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэнэ гэв. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргах аж.

Архангай аймагт дахин газар хөдөллөө
Архангай аймагт дахин газар хөдөллөө
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ