Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор Зам-Үүдийн гаалиар өдөрт 200-300 гаруй хуурамч архи, виски хил нэвтрүүлэх гэсэн оролдлого гарах болжээ. Иймд гарал үүсэл нь тодорхойгүй архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.
Баяр ёслол дөхөхөөр иргэд архи, виски, дарс болон бусад согтууруулах ундааны зүйлсэд хордож, эрүүл мэнд, амь насандаа аюул учруулсан дуудлага ихэсдэг. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор улирлын чанартай идэвхиждэг нэг асуудал бол хуурамч архины худалдаа юм. Импортын бараа, бүтээгдэхүүний гол боомт болох Замын-Үүдийн гаалиар гэхэд л хуурамч архи, виски хил нэвтрүүлэхийг завдсан оролдлого өдөрт 200-300 гаруй бүртгэгдэж байгааг гаалийн байгууллагаас мэдээлж, гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хариуцлага тооцож, торгууль ногдуулж хуурамж архи вискиг хурааж байгаа хэдий ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байна. Эх сурвалжийн мэдээгээр гаалийн байгууллагын агуулах склад хураагдсан хуурамч архи, согтууруулах ундаагаар дүүрч байгаа тул устгал хийх ажлыг даруй зохион байгуулахаар болжээ.
Хуурамч архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг техникийн спиртээр найруулдаг учраас хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд техникийн спирт хүний эрүүл мэндийг цаашилбал амь насыг хохироосон Гашуун түүх олон байдаг. Сүүлийн үед Хятад улсаас оруулж ирсэн энэ төрлийн бараа бүтээгдэхүүн болон бүр архи вискиний цуглуулгыг хямд үнээр борлуулж байгаа талаарх зар мэдээг цахим орчноор сурталчилж, хүргэлтээр өгч байгааг Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлсээр байна.