УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2024.03.15/ нээлтээ хийнэ. Монгол УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.
2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.
Чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болох бөгөөд хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсохоос гадна орон нутгийн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг зарлах төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн орон нутгийн сонгуульд техник хэрэгсэл ашиглах тогтоолын төслийг хэлэлцэх юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл хийнэ.