Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон.
ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт зохистой эрх зүйн орчныг бүрдүүлж, инновацийг дэмжсэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүхий нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг Зөвлөмж 15-ын хүрээнд тухай бүр АНДМУТБ-т хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Үүний үр дүнд АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, баталсан бөгөөд үүний үр дүнд Зөвлөмж 15-ын үнэлгээг 1 шатаар амжилттай ахиулав.
Ингэснээр АНДМУТБ-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Монгол Улсыг ФАТФ-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын үнэлгээг ахиулсан анхны ФАТФ-ын гишүүн бус орон болсныг онцоллоо.
Мөн АНДМУТБ-ийн урилгаар 25 дахь удаагийн ээлжит хуралдаанд тус Хорооны дарга Д.Баярсайхан, Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч У.Ганчимэг, мэргэжилтэн Б.Цолмонтуяа нар гишүүн орнуудад Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцаж, холбогдох илтгэл, тайланг амжилттайгаар тавив. Илтгэлийг төгсгөлд АНДМУТБ-ийн дарга болон бусад улс орнуудын төлөөлөл Монгол Улс ФАТФ-ын техник зөвлөмжийн үнэлгээг ахиулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг онцлон сайшааж, баяр хүргэлээ.
ФАТФ-ын 40 Зөвлөмжийн 25 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд болон шууд бусаар хамааралтай байдаг ба Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, 1 шатаар амжилттай ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гарч буй юм.