Далай, тэнгис хуванцар, хог хаягдлын бохирдолд өртөх болсон талаар сүүлийн үед ихээр ярьж байна. Далайн бохирдлын гол эх үүсвэр нь хүмүүс бидний хэрэглээнээс гарч буй хуванцрын хог хаягдал, соруул, ундааны сав гэх мэт зүйлс байдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Гэтэл эдгээр хог хаягдлаас гадна тамхины иш далай, тэнгис, гол горхийг бохирдуулж буй томоохон эх үүсвэр болдог талаар бид өдийг хүртэл анзаараагүй явсныг нэгэн судалгаа батлаад байна.
АНУ-ын далай хамгааллын төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар тус улсын далай, тэнгисээс 1980 оноос хойш нийт 60 гаруй сая ширхэг тамхины иш цугларсан талаар мэдээлсэн юм.
Энэхүү тоо нь бидний тэр бүр анхаарлаа хандуулдаггүй байсан тамхины иш далайг хамгийн ихээр бохирдуулагч хэмээн ойлгогдож ирсэн хуванцраас ч хавьгүй илүү байгааг илтгэж байна.
Тамхины иш нь ус, ундааны сав, соруулаас жижиг хэмжээтэй тул тийм их хор хөнөөл учруулдаггүй байх гэж та бодож байгаа байх. Гэвч одоогоор олдоод буй 60 гаруй сая ширхэг тамхины иш нь далай тэнгис болон далайн амьтдад их хэмжээний хохирол учруулж байгаа юм.
Далайтай орнуудын иргэд эрэг дээр татсан тамхины ишээ шууд хаях тохиолдол их байдаг байна. Түүнээс гадна хүмүүсийн хаясан тамхины иш борооны улмаас жижиг гол горхи руу урсаж, бусад эх булагт хүрснээр далай руу ордог бөгөөд далайн давалгаанд хөвсөөр буцаад эрэг дээр ирдэг гэж мэдээлэв.
Тамхи татдаг хүмүүс тамхины ишээ хогийн саванд хийхээс залхуурч, үл тоомсорлосноос болж хэр өргөн цар хүрээтэй хор хөнөөл байгальд төдийгүй түүний экосистем, амьтан ургамал мөн цаашлаад хүмүүс бидэнд учруулж буйг тэр бүр ойлгож, ухамсарладаггүй аж.
Ихэнх тамхины шүүлтүүр нь целлюлозын ацетат хэмээх байгалийн бодисыг өөртөө агуулдаг ажээ. Олон хүн тамхины ишийг байгалд задардаг гэж боддог болох ч энэхүү бодис нь байгалд хаягдсан хуванцар болон тамхины ишэнд бий болсноор задрах үйл явцыг улам удаашруулдаг байна.
Удаан хугацааны дараа задарч эхэлдэг тамхины иш, шүүлтүүрүүдээс никотин, арсеник, хар тугалга гэх мэт бодис байгальд ялгардаг байна. Хуванцар задарч эхлэхэд мөн их хэмжээний бодис ялгардаг. Далай тэнгис дэх амьтад тэрхүү ялгарсан хорт бодисуудаар хооллосноор бидний хүнсээнд хэрэглэдэг далайн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломж бүрджээ.
Сүүлийн үед тамхины салбарынхан байгальд ээлтэй, илүү хурдан шингэдэг, ногоон шийдлийг эрэлхийлж байгаа ч тэр хүртэл маш их хугацаа шаардагдана гэж олон улсад ярьж байна.
Зөвхөн далай тэнгисийн ойролцоогоор зогсохгүй бүхий л газар тамхи татдаг хүмүүс байгаль орчин болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг ухамсарлан тамхины ишээ хариуцлагатайгаар хаях нь зүйтэй юм.
Эх сурвалж: Businessinsider.com