Нэр бүхий 11 арилжааны банк тус бүрд 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Нэр бүхий 11 арилжааны банк тус бүрд 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-өөс арилжааны 11 банканд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг нийт 58 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хүрээнд 11 банкны орон сууцны хөнгөлөлттэй үнэтэй ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, зээл олголтын шимтгэлийн талаарх мэдээлэлд хяналт, шалгалт хийжээ.

"Эдгээр арилжааны банк нь дээд хэмжээ буюу 1%-д тулгаж зээл олголтын шимтгэлийн хэмжээг тогтоосон"

Энэ талаар ШӨХТГ-ын ахлах байцаагч н.Мөнхсолонго "Эдгээр 11 банк нь хэрэглэгчдэд ипотекийн зээл олгохдоо нийт зээл олгосон үнийн дүнгээс 1%-ийн шимтгэл авдаг байсан.

Арилжааны банкууд нь зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоохдоо эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6 болон Монголбанкны ерөнхийлөгчийн А/203 дугаартай банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 17-д тус тус зааснаар тогтоосон байдаг.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны ипотекийн зээлийн журмын 9.1-т ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч нь зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1%-аас хэтрэхгүй байна хэмээн заасан. Гэтэл дээрх 11 арилжааны банк нь дээд хэмжээ буюу 1%-д тулгаж зээл олголтын шимтгэлийн хэмжээг тогтоосон байгаа юм.

Энэ нь банкуудын зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын тооцоо судалгааг гаргаагүй, бодит зардалтай уялдуулалгүй тогтоосон үндэслэлтэй байсан. Мөн өндөр дүнтэй зээл авсан, зээлдэгчийн төлсөн шимтгэл нь банкны бусад үйл ажиллагааны зардалд шингэж байгаа нөхцөл тогтоогдсон" гэв.

Цаашид иргэд өөрсдийн 1%-ийн шимтгэлийг авах боломжтой юу ?

ШӨХТГ-ын ахлах байцаагч н.Эгшиглэн "Тухайн банктай байгуулсан гэрээний хүрээнд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буцаан авах боломжтой. Түүнчлэн ШӨХТГ-аас үр дагаврыг арилгах 30 хоногийн хугацаатай улсын байцаагчийн албан даалгаврыг арилжааны банкуудад хүргүүлсэн байгаа.

Тэдгээр арилжааны банкны үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-г зөрчиж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн үндэслэлээр дээрх банк тус бүрд 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан байгаа" талаар мэдээлэв.

Туул голын цэвэрлэх байгууламж орчмын ус их бохирдолтой байна
Туул голын цэвэрлэх байгууламж орчмын ус их бохирдолтой байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ