Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 49 секунд

Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна

Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Мөнхбатыг явууллаа, араас нь Аюурсайханыг явуулах нь, явуулах нь гэж ер нь өргөдлийг нь өгүүлчихлээ! Раднаасэдийг ч "боочихсон" юмдаг уу!? Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй! Сонсох нь УИХ-ын 17 гишүүн АТГ-д мэдүүлэг өгчээ! Дөнгөж сая УИХ-ын гишүүн Алтанхуяг, Ганхуяг, Амартүвшин, Баатарбилэг нарын хэрэг шүүхэд шилжлээ!

Нөгөө таван гишүүний (нүүрсний тээвэртэй холбоотой) асуудал удахгүй нэг тийш болох янзтай! Энэ бол нэгийн даваа!

Хоёрын даваа нь намын бүлэг яах бол? Манай намд нүүрсний хулгайч байхгүй гэдэг бүлгийн даргатай! Парламент намаас тусдаа ард түмнээс сонгогдсон бүтэц тул Оюун-Эрдэнэ намын даргын хувьд шахлаа ч шахалтаас үл хамаарч шийдвэр гаргана.

Гурвын даваанд

УИХ нь тэднийг явуулах уу? Энэ даваанд олон нийтийн шахалтаар давж чадах байх! Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд гол түшиг тулгуур бол олон нийт, нөгөө сонгосон ард түмэн!

Дөрвийн даваанд прокурор яах бол!? Шалгахыг бол шалгаад явуулдаг. Гэтэл АТГ-аас шилжүүлсэн хэргүүдийн 50 хувь нь л шийдэгддэг шүү! Үүнийг шийдэхийн тулд "Прокурорын мөрдөн"-г сэргээж, Галдаа гуай шиг "багшдаа ял өгөхөөс буцахгүй!" шударга хүн тавьж болно! Тэгвэл арван хуруундаа алтан бөгжтэй прокуроруудыг шахаж чадна!

Түүний дараа шүүх бол цолны даваа! Шүүх бол үе үеийн улстөрчдийн шургалуулсан нөхдөөр дүүрсэн, худалдагдсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай нотлогдсон бөгөөд хамгийн гол нь бие даасан засаглал! Үүнийг давбал алдар цолоо дуудуулна!

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг удаан харлаа! Лав л АТГ-аас шалгаж байгаа хэргийн тоо 18 дахин, хохирлын хэмжээ 180 дахин өссөн гэдэг статистик бол мань эр авилгачид, нүүрсчдийн бүлэглэлтэй овоо нүдэлдэж байна гэсэн үг шүү! Өнгөрсөн жилийн илрүүлсэн хохирол 96 тэрбум байснаа энэ жил 2,4 их наяд болж! Нэгэнт байдал ийм бол би МАН-ын гишүүн бус гээд Л.Оюун-Эрдэнийг дэмждэггүй юм гэхэд иргэний хувьд энэ тэмцлийг нь дэмжих ёстой биз дээ!?

Л.Оюун-Эрдэнэ, Л.Нямбаатар нар лав нүүрсний хулгайд орж, гараа хөөдөөгүй юм байна. Дургүйдээ ороогүй гэх ч хаашаа юм, өнөө шударга Аюурсайхан нь хүртэл тас хар гартай болчихсон, цагаан бээлийтэй яваад байсныг бодоход... Үнэндээ цаадуул нь оруулаагүй л байх! Тиймээс нүүрснийхэнтэй яс үзэж байна, ямар нэг сэжмээр барьцаатай бол ингэж чадахгүй л дээ! Дээр нь залуу үе өөр гэдэг шиг энэ асуудлын цаана гарах эрмэлзэл харагдаад байна! Нүүрсний асуудал хөөсрөөд хагас жил болоход нэг ч алхам буцаж гишгээгүй нь ийм итгэл төрүүлээд байна!

Одоо асуудал үүснэ! Ийм эгзэгтэй үе тулбал парламентаас ЗГ-ыг огцруулах хуйвалдаан улайм цайм явна шүү! Нөгөө таван гишүүн бүлэг байгуулаад 20 гаруй хүнтэй болсон гэдэг бол асуудал мөн! Зүгээр сууж байгаад бүхнээ алдсанаас ЗГ-ыг унагах гэж оролдох нь тэдний хувьд дээр!Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд яс хаях гэж МАН, С.Баярцогтын АН-ынхан тамираа тасартал үзэж байна! Нүүрсний хэрэгт нэрлэгдсэн 5 "Эрдэнэс ТТ"-гоос "2 саяын ноогдол ашиг тараа, 40 хувийг ард түмэнд өг!" гэсэн популист сум тавиад нумаа нуусан. Одоо талбай дээр алдагдалтай компаниас ноогдол ашиг нэхсэн хүмүүс яаж ийгээд жагсаал эхлүүлэх гээд үзээд байна! Өмнө нь иргэн бүрт 125 сая оногдох шуугиан жагсаал дэглэсэн! Ноогдол ашиг өгөхгүй бол "ЗГ оцгор!" гээд эхэлнэ...

Аз болоход өмнөх жагсаалын үед органик жагсагчид жүжигчин хүү, хөлсний тайчигчдын хатгалгаа автаагүй! Гэхдээ зарчмын хувьд нүүрсний хулгайтай тэмцэх аливаа үйлдлийг дэмжих ёстой учраас тэр хүү, нүцгэлэгчдийг жагсагчид дэмжиж байсан, би ч адил!

Одоо тоглоомын өргийг харвал нүүрсний хулгайтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа хэн ч бай Оюун-Эрдэнийг дэмжих ёстой болчихлоо! Зарчмын хувьд... Харин нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр ЗГ-ыг унагах гэж оролдох нь баавгай эзнийхээ нүүрэн дээр суусан ялааг алах гээд мунаар цохидог шиг юм болох янзтай!

Гол нь Оюун-Эрдэнэ нүүрсчидтэй үзэлцэх явцдаа намынхаа хамгийн том, баян, өргөн сүлжээтэй бүлэглэлтэй, журмын нөхөдтэйгөө байлдаанд орчихлоо! МАН- д таагүй хүн аль талд орох нь тодорхой! Нүүргүй загнах нь шударгын шинж гэж В.Инжинаш хэлсэн байх аа!?

Нийтлэлч А.Баатархуяг

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ