Одоогоос хоёр долоо хоногийн өмнө үерт өртөж сүүлийн 75 жилийн түүхэнд ороогүй их хэмжээний бороо орсон Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод дахин үер буужээ.
Улмаар дэлхийн хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Дубайн олон улсын нисэх буудал 10 гаруй нислэгийг цуцлах болон хойшлуулах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн сарын дундуур болсон үерийн улмаас Эмиратад дөрвөн хүн, Оман Улсад 20 гаруй хүн амь эрсэдсэн юм. Энэ удаад хүний амь нэс эрүүл мэнд хохирсон тохиолдол гараагүй байна. Дубайд 12 цагийн хугацаанд 20 мм хэмжээтэй хур тунадас унасан бол Абу Даби хотод 24 цагийн дотор 34 мм хур тунадас орсон нь өмнөх жилүүдийн дөрөв, тавдугаар саруудад орсон хур тунадасны дундаж хэмжээтэй харьцуулахад 4-5 дахин их байгаа юм.
Түүнчлэн Дубайн ажилтнууд бороо орохоос урьтаж ус зайлуулах хоолойнуудыг нээх, үерийн усыг тэр даруй соруулах, хотын иргэд оршин суугчдад гар утсаар нь дамжуулан цаг агаар муудах тухай урьдчилан сэрэмжлүүлэх мэдээг илгээж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Иргэдийг уулархаг болон цөлөрхөг, далайн эргийн бүсэд аялахгүй, амарч зугаалахгүй байхыг сануулсан байна.