УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Санал авах ажиллагаа 07:00 - 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
УИХ-ын сонгуулиар иргэд мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох гэж байгаа нь хамгийн онцлог өөрчлөлт болж байгаа.
ИРГЭД САНАЛ ӨГӨХДӨӨ САНАЛЫН ХОЁР ХУУДАС БӨГЛӨНӨ
Сонгуулийн тойрог бүсчлэгдэж, олон мандаттай болсноос үүдэн УИХ-ын сонгуулийн саналын хуудасны урт хуудас 78.7 см болж буй. Сүүлд байгуулагдсан шинэ намын дэвшигч байх тусмаа төгсгөлд бичигдэнэ. Саналын хуудас хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Эхнийх нь 48 гишүүнийг пропорциональ системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Саналын хуудсан дээр намуудын дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийднэ.
Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам, эвслийн нэрийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгаа ажээ. Энэ хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдаж байгаа гэнэ. Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх бөгөөд энэ удаагийн сонгуулийн саналын хуудасны хамгийн урт нь болох юм. Нэг сонгогч санал өгөх байранд ороод саналаа өгч гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.
2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө саналын хуудсыг хэрхэн бөглөх талаарх мэдээллийг хүргэж байна.
Иргэд саналаа өгөхдөө нам, эвсэл болон нэр дэвшигчдийн нэрс бүхий хоёр тусдаа хуудсыг бөглөнө. Ингэхдээ нам, эвслийн нэртэй хуудсыг бөглөхдөө зөвхөн нэг сонголт хийнэ, харин нэр дэвшигчдээс сонголт хийхдээ тухайн тойргийн мандатаас илүү нэр дэвшигчийг дугуйлж будахгүй болохыг СЕХ-ноос анхааруулж байна.
Энэ удаагийн сонгуулиар сонгогчид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ хоёр тусдаа саналын хуудас бөглөнө.
1. Нэр дэвшигчдийг сонгох хэсэг
САНАЛ ӨГӨХДӨӨ ТУХАЙН ТОЙРГИЙН МАНДАТААС ИЛҮҮ НЭР ДЭВШИГЧИЙГ ДУГУЙЛЖ БУДАХГҮЙ
Эхний саналын хуудас дээр танай тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигч 78 хүний нэрс байрлана. Та эдгээр нэрсээс ӨӨРИЙН ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТООТОЙ ТЭНЦҮҮ ТООНЫ НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОХ ёстой. Жишээлбэл, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн мандатын тоо нь 6 тул 6 хүнийг л сонгоно. Илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас нь хүчингүй болохыг анхаараарай.
2. Нам, эвслийг сонгох хэсэг
ИРГЭД НАМ, ЭВСЭЛД САНАЛАА ӨГӨХДӨӨ ЗӨВХӨН НЭГ, НАМ , ЭВСЛИЙГ СОНГОЖ, ХУУДСАА БӨГЛӨНӨ
Харин хоёр дахь саналын хуудас дээр улсын хэмжээнд дэвшиж буй нам, эвслийн 48 хүний нэрс байрлана. Эндээс сонгогч ЗӨВХӨН НЭГ нам эсвэл эвслийг дэмжиж саналаа өгөх бөгөөд илүүг тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болох юм.