Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг цагдаагийнхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд өчигдөр шилжүүлэн авчээ.
ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Ё.Баттөгсийн захиалгаар Э.Анхбаяр гэх эр иргэн А-г 2015 оны тавдугаар сард орцонд хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг үйлдсэнээсээ хойш 2-3 хоногийн дараа Э.Анхбаяр Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-руу зугтаж, улмаар Манжуурт хүрсэн бөгөөд тухайн үед БНХАУ-ын талтай хамтран ажиллаж баривчлуулан, 2017 онд эх орондоо шилжүүлэн авч байв. Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс нь 2016 онд хил давж оргосныг Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, Австралид буйг нь тогтоосон юм байна. Австралийн хууль сахиулах байгууллагынхан Ё.Баттөгсийг улсаасаа албадан гаргаж, тусгай үүргийн онгоцоороо өчигдөр 19.00 цагийн үед манай талд хүлээлгэн өгөөд буцжээ.