Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсантай холбогдуулан Б.Булганыг хамгаалалтад авсан гэх мэдээлэл цахим орчинд тархжээ.
Тухайлбал "“Сураггүй болчихлоо” гэж зарлагдсан өмгөөлөгч Б өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдсон. Цагдаагийн байгууллага энэ талаар “Иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 19:20 цагийн үед гомдол гаргасан.
Өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэсэн.
Эх сурвалжуудын мэдээллээр энэ асуудалтай холбоотойгоор 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт авчээ. Мөн өмгөөлөгч Б-гийн нас барсны дараа хууль хяналтын байгууллагын зүгээс С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан байна. Ингэх тодорхой шалтгаан үндэслэл илэрсэн бололтой" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, олны анхаарлыг ихээр татаад байна.