Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцаж газрын дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр ““Ачит ихт” компанийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримтын талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “Ачит ихт”-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын хоорондоо харилцсан мессеж, чат ил болсон.
Тус чатад Ц.Элбэгдорж, П.Цагаан руу “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 19-нд арилжааны банканд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн бүртгэлд Ц.Элбэгдорж нь дээрх гэрээнүүдийг байгуулахдаа “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа мөн “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна. Дээрх мэдээлэлд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авсан баримтад байна" гэлээ.