Л.Чинбатын бичлэгийг цацсан Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Л.Чинбатын бичлэгийг цацсан Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн оны зургадугаар сард /2023.06.15/ цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан.

Улмаар уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг удаа дараа буцааж, сунжируулсаар өнгөрсөн гуравдугаар сард /2024.03/ Сэлэнгэ аймгийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ түүнийг цагдаагийн байгууллагаас анх шалгаж байсан "Хүнийг алахыг завдсан" гэх хэрэг нь "сураггүй алга" болж, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж, олны анхааралд хүргэсэн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа аж. Тодруулбал, Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зэрэг үйл ангиар яллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг мөн гэрч, хохирогчид нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн 21.5.1 зүйлээр яллагдагчаар татаж, шалгаж байсан бөгөөд тус хэргийг Улсын ерөнхий прокурор үндэслэлгүй гэж үзсэн байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат нь зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн байдаг. Улмаар түүний адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзориг олон нийтийн сүлжээнд тавьснаар уг асуудал олны анхааралд очиж байсан юм.

Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ