Сонгинохайрхан дүүрэгт баригдсан Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусч өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Шинэ театр нийт 850 хүний багтаамжтай бөгөөд хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болохоос гадна номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээтэй. Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж байнгын үйл ажиллагаатай болгосон юм.
Тус театрын захирлаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг 2022 онд томилсон байдаг. Тэгвэл МУГЖ Н.Ариунболд нь сонгууль болохоос сар гаруйн өмнө сонгуулийн хууль зөрчиж, "Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжгийн 15000 төгрөгийн үнэтэй билетийг иргэдэд үнэгүй тараасан гэх шүүмжлэлд өртөж эхэлжээ. Зарим иргэд түүнийг Сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ханджээ.
Сонгуулийн хуулинд
- Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
- Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
- Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
- Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
- Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
- Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах хориотой байдаг.
Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл өгсөн нь тогтоогдвол уг зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө.Харин бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.