Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн нхан шатны шүүхээс хууль зүйн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.
Тодруулбал, "Аюуд" ХХК нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг шаардаж өмнө нь хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийг гардан аваагүй гэжээ. Иймд Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.9-д зааснаар хариуцагч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд албадан ирүүлж өгнө үү хэмээн "Аюуд" ХХК-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу Б.Энхбаярыг албадан шүүхэд ирүүлэх захирамж гарсан байна.
Сонирхуулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө, "Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг нь дээрэмдсэн хэргийг хяналт шалгалтаар тогтоосон. Тухайлбал, Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14 мянган метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьсан. Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн" хэмээн мэдэгдэж байсан юм.