Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг зарлая!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 30 секунд

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг зарлая!

Турк, Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7.8 баллын газар хөдлөлтөөр 50 мянга гаруй хүн нас барж, олон зуун хүн сураггүй болсны зэрэгцээ зөвхөн Турк улсад л 160 мянга гаруй барилга нурсан нь монголчуудад том сургамж үлдээгээд байна.

Учир нь, хүн амынх нь 60 хувь оршин суудаг Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилгад 70 мянга гаруй хүн амьдарч, ажилладаг гэсэн айдас дагуулсан мэдээллийг албаныхан өгөөд буй.

Тодруулбал, нийслэлийн 898 барилгад шалгалт хийхэд 507 нь нурах эрсдэлтэй, 188 нь бэхэлгээ хийж хүчитгэх шаардлагатай, 203 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн судалгаа гарсан юм. Цаана нь судалгаанд ороогүй барилга олон бий аж.

Уг нь Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн зургаан том хагалбар дээр оршиж байна, 8-9 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх барилга барих шаардлагатай” гэсэн зөвлөмж, анхааруулга өгсөөр ирсэн ч сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр төр нь ч, иргэн нь ч ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүргэжээ.

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбат “Зарим барилга руу би айгаад харж чаддаггүй. Энэ барилгыг муу барьж байна шүү гээд очоод хэлчихмээр санагдах үе ч бишгүй. Нийт барилгын чанар ямар байна вэ гэж асуувал “Дунд” л гэж хэлнэ.

Сүүлийн үед олон давхар барилга баригдах боллоо. Гадаад орнууд 20 гаруй давхар барилга барихдаа доод талынх нь 2-3 давхрыг газарт суулгадаг. Харин манайхны барьж байгаа 20 гаруй давхар барилга В1 давхар буюу подвалийн эхний нэг давхрын тал нь л газарт суугддаг. Хаа нэг барилга В2 гээд орж байна. Тэр нь хэдэн метр вэ гээд хэмжээд үзвэл ихдээ 5 метр хүрэх үү, үгүй юу маш өнгөц. Газар хөдлөхөд өнгөц суусан барилгыг авч шидээд л хазайлгана” гэж өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагаараа дамжуулан анхааруулав.

Турк улсад явуулсан аврах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахмад Э.Нэргүйбаатар “Турк улсад стандартаа барьж, чанартай баригдсан барилга газар хөдлөлтийг тэсвэрлэж үлдсэн бол үйлдвэрлэл явуулах гээд ханыг нь буулгасан, үйлчилгээний төв болгох гээд тулгуур баганыг нь хөдөлгөсөн барилгууд нурж, балгас болсон байсан.

Аврах ажиллагааг явуулж байхад “Манай улсад ийм зүйл тохиолдсон бол яах бол, барилгын чанар ямар бол” гэж бодогдсон. Зээл аваад монголчууд маань байранд ордог, өчнөөн жил төлдөг. Гэтэл байр нь чанаргүй баригдсан бол яах вэ. Барилгыг хүлээн авдаг Улсын комиссынхон маш сайн ажиллаж, чанартай барилгыг л хүлээн авахгүй бол олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоор байна” гэсэн нь судалгааг дахин явуулах шаардлагатайг сануулж буй.

Учир нь, Улаанбаатар хотын хэмжээнд нэг хэсэг орон сууцны нэгдүгээр давхрыг үйлчилгээний төв болгох нэрээр даацын хануудыг нураасан зөрчил олон гарсан. Зарим айл жижиг өрөөнүүдээ нэгтгэж томруулах зорилгоор ханыг буулгах, анхааруулсаар байхад даацын ханаа буулгасан жишээнүүд ч тоогоо алдсан. Дээр нь барилгыг чанартай бүтээгдэхүүнээр барьж чаддаг уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Мэргэжилтнүүдийн сануулгаар барилга чанартай баригдахад мэргэжлийн байгууллагуудын хяналт, шалгалт чухал байж, норм стандартыг хангуулахаас гадна барилгын бүтээгдэхүүний чанарт анхаарах ёстой болж буй. Тиймээс Барилга хот байгуулалтын яам Хятад улсаас импортолж, барилга барихад ашигладаг арматур стандартын шаардлага хангаж байгаа юу гэдгийг шалгахаар болжээ. Оройтсон ч гэсэн хийх ёстой ажил яах аргагүй мөн.

Нөгөө талаар Барилга хот байгуулалтын яам 5800 гаруй барилга байгууламжид шалгалт хийж, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоох болсноо зарлаад буй. Хоёр сарын дотор буюу ирэх дөрөв, тавдугаар сард багтаан үзлэг хийхээр шийдвэрлэжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “сүүлийн 20-30 жилд баригдсан барилгуудад шалгалт хийх шаардлага үүслээ” гэсэн нь бас л зөв алхам.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод орон сууцны хороолол олноор баригдаж, утаанаас дайжсан иргэд ипотекийн зээлд хамрагдахын түүс болж, банкинд хүсэлт гаргадаг ч сар тутамд үнэ нь өсөх болсон байранд орох шаардлага хангадаг зээлдэгч багасч байгаа юм.

Зарим орон сууцыг худалдан авахын тулд зээлдэгч урьдчилгаанд нь 50-100 сая төгрөг төлөхөөс аргагүй шалгуур ч тавигддаг боллоо. Гэтэл зээл хүсэх иргэдийн дийлэнхийнх нь өрхийн сарын орлого 1.5 сая дотор эргэлдэж байна. Тэдний хувьд орон сууц мөрөөдөл болон хувирч буй бол эдгээр орон сууц үнээ барих хэмжээний чанарын шаардлага хангаж чаддаг уу гэдэг асуултад харамсалтай нь, мэргэжлийн байгууллагууд шууд хариулт өгч чадахгүй сууна. Яагаад гэвэл Монголд баригддаг орон сууцанд тавигддаг шалгуур нь чанар гэхээсээ байршил болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, хотын төвд ойр байрлалд баригдаж байгаа, баригдсан орон сууцыг чанарын шаардлага хангахгүй материалаар барьсан байсан ч өндөр үнэтэй зардаг болжээ. Газрыг нь худалдан авахад их хэмжээний төлбөр төлөх, зарим тохиолдолд зөвшөөрөл авахын тулд төрийн албан хаагч нарыг хахуульдах зэрэг ажлаа явуулахын тулд аргагүй байдалд орж, үнэ өсдөг зовлон тохиолддог тухай ч сонсогдох.

Гэхдээ энэ удаад судалгааг далайцтай хийж, газар хөдлөлтөд тэсвэртэй, тэсвэргүй барилгуудаа нэгбүрчлэн зарлаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангая. Эцсийн дүндээ үнэн зөв мэдээлэл нь иргэдийг амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлж чадна.

Газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй барилгуудыг зарлахаар үнэ ханш нь унадаг, банкууд барьцаанд авдаггүй зэрэг асуудал ч хөндөгдөж байна. Гэвч эцсийн дүндээ хүний амь нас хамгаас чухал шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр сонгогдохдоо бүрэн эрхийнхээ хүрээнд бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор “Залуус” хороолол, “Солонго” хороолол зэргийг барина гэх амлалт өгч байсан. Эдгээр хорооллууд баригдах нь байтугай сураг ч тасарсан.

2024 оны УИХ-ын сонгууль болоход ердөө жил гаруйн л хугацаа үлдлээ. Энэ богино хугацаанд орон сууцны хорооллуудыг барих боломж байхгүй, харин баригдсан барилга бүрийг улс, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр газар хөдлөлтөд тэсвэртэй юу, тэсвэргүй юу гэдгийг шалгаж, паспортжуулан, тодорхой зарлах хугацаа бол хангалттай байна.

Энэ ажлыг барилгын бизнес эрхэлдэг намын боссууддаа шантаажлуулаад ч болов хийж, ард нь гарвал Монгол Улсын 3 сая гаруй иргэний амь насыг эрсдлээс хамгаалах далайцтай ажил болно.

Г.ХОРОЛ

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ