"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.
П.Ганхүү нь Эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Австрали Улсын Сиднейн их сургуулийг Олон Улсын бизнесийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Тэрбээр хуучнаар Дэд бүтцийн яам /одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам болон Эрчим хүч, Барилгын яамд орсон/-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, Түлш, эрчим хүчний яамд хэлтэс, газрын даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байв.
Мөн 2016 онд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 2001 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, мөн “Эрдэнэс монгол” ХХК-ийг удирдаж Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон Экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК