Жолоочийн зөрчлийн оноог тооцож 10 оноо дууссан тохиолдолд автоматаар эрхийг нь хасч, давхар давхар шийтгэл оногдуулдаг байсан журмыг хүчингүй болгох шийдвэр өнөөдрөөс /2024.05.10/ хэрэгжиж эхэллээ.
Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Б.Энхбаяр хүчингүй болгох шийдвэр гаргаснаа танилцуулсан бөгөөд тус шийдвэр жолоочийн эрхийг давхар давхар зөрчиж байсан гэсэн юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргаад буй. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байгаа юм.
Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгосон юм.
“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.