Г.Занданшатар: Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийтлэл
Огноо
Унших
2 минут 51 секунд

Г.Занданшатар: Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар 2022 оны 9 дүгээр сарын Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар УИХ-ын даргад танилцуулсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Цар тахлын дараа бизнес эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс хамааран зээл авч чадахгүй байгаа аж. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй дараагийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буй юм байна. Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон хэмээн үзэж байна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.

Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж.

УИХ-ын даргын зүгээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох Байнгын хороодын дарга нарт хамтран ажиллаж, асуудлыг шийдэх үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлон дурдав.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Б.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ