УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас гуравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Гурилын үнийн асуудлыг 2023 оны нэгдүгээр сараас хойш хөндсөн. Та нар ер авч хэлэлцээгүй. Сонгууль дөхчихлөө. Өнгөрсөн хавар сайд нар орон нутгаар их явсан л даа. Асуудлыг ярьж эхэлснээс хойш ард иргэдэд бүтэн жил өндөр үнэтэй гурил авахуулаад, сонгуулиас хоёр сарын өмнө энэ хуулийг батлах гэж байна. Батлах нь зөв л дөө.
Д.Амарбаясгалан, Гурилын үнэ өндөр байгаа. Ард түмэн хямд гурил идэх эрхтэй. Бид үнийг буулгах ёстой. Орон нутагт иргэдийн хүнсний зардлын 70-80 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлж байна.
Ц.Туваан, Гурилын үнэ өндөр байгааг АН, МАН-ынхан бүгд хүлээн зөвшөөрч байна. МАН хямдыг, АН үнэтэй гурил идүүлэх гэсэн зүйл байхгүй. Бодитой зүйлээ ярья. Орон нутгаар явахад үнэндээ тариаланчид дургүй байна.
ХААХҮЯ-наас гурилын импортын татварыг хэмжээтэй, хугацаатай чөлөөлөхөөр тусгасан. Энэ саналыг авч үзвэл яасан юм бэ.
Ж.Бат-Эрдэнэ, Гурилын үнийн татварыг хугацаатай, хэмжээтэй тогтоовол хэн нэгэн зөвшөөрөл олгох шаардлага үүснэ.
Д.Амарбаясгалан, Гурил хямдрах ёстой, тариаланчид хохирохгүй байх ёстой. Засгийн газар хэнийг ч хохироохгүйгээр бодлогоо гаргаж ажиллана. Засгийн газар улаан буудайн жишиг үнийг зарлана.
Гишүүд зарчмын зөрүүтэй гурван асуудлаар санал хураалт явуулсны дараа, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хорооны шилжүүллээ.