Дорноговь аймгийн Сайншанд сумаас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охин сураггүй алга болж, улмаар бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн иргэн Г-д шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд нас барсан охины өмгөөлөгч уг хэрэгтэй холбогдуулан өнөөдөр (2024.04.24) мэдээлэл хийлээ.
Тэрээр "Шүүхээр гэм буруу нь тогтоогдож, бүх насаар нь хорих ял оногдуулсан ялтны хохирогчийн эрх зүйн байдал дордсон хууль үйлчилж байна. Шүүхээс шүүгдэгч Гантулгад 12 настай хохирогчийг хулгайлсан, улмаар хүчиндсэн, амь насыг нь онц ноцтойгоор егүүтгэсэн хэмээн бүх насаар нь хорих ял оноосон.
Хохирогчийн гэр бүлд сэтгэл санааны хохирол болгон 182.5 сая төгрөг олгохоор шийдврэлэгдсэн. Гэвч энэхүү мөнгө ердөө цаасан дээр үлдэж байна. Хохирогчид сэтгэл санаа хийгээд бие мах бодиор давхар хохирч байгаа нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Энэхүү хохирлын мөнгийг гэмт хэрэгтэн Гантулга насан туршдаа төлөх ёстой. Гэмт этгээд өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан, 4-5 удаагийн ял шийтгэгдэж байсан, 3-4 удаа шоронгоос оргохыг завдаж байсан этгээд байсан. Энэ этгээдийн нийгэмд үзүүлэх хор хохирол маш өндөр. Охин ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан айлын ганц охин байсан. Энэ айлын үр удам ингээд бүрмөсөн тасарч байна. Хохирогчийн хохирлыг улсын тусгай сангаас олгодог баймаар байна. Нийгэмд үзүүлэх хор хохирол өндөртэй хэрэгтнүүдэд цаазын ял оноодог баймаар байна" гэлээ.