Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч жагсагчдад шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө суулт зарласан иргэдэд хоёр цаг тутамд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.

Тодруулбал, шөнийн 00:00 цагийн байдлаар нийт 38 иргэнд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үүнээс 15 хүний хоолой өвдсөн зовууртай, хоёр хүний толгой өвдөж, даралт ихэсжээ. Ийнхүү эмийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгсөн бол бусад хүний хувьд гемодинамик /цусны эргэлт/ тогтвортой байсан юм.

Шөнийн 02:00 цагийн үзлэгт суулт хийж буй хүмүүсийн олонх нь хамрагдахаас татгалзсан байна. Харин гурван хүн үзүүлж, нэг хүний даралт ихсэж, хоёр хүний хоолой өвдсөн зовууртай байлаа. Үзлэгт хамрагдсан иргэдэд эмийн эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг нь тогтворжуулан, зөвлөгөө өгч ажиллаа.

Шөнийн 04:00 цагийн үед суулт хийж байгаа иргэдээс нийт таван хүн эмчийн үзлэгт орсон бөгөөд хоёр хүний хоолой өвдсөн зовууртай, гурван иргэн томуу, томуу төст өвчинтэй байсан юм. Үүрийн 06:00 цагийн үзлэгт суулт хийж буй иргэн, цагдаагийн албан хаагч зэрэг гурван хүн хамрагдсан бөгөөд үзлэг хийн, зөвлөгөө өгөөд байна.

Энэ мэтчилэн хоёр цаг тутамд жагсагчдад эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

АТГ-аас “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
АТГ-аас “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ