Д.Баясгалан: Бид нүүрстэй чинь зууралдах ямар ч сонирхол алга. Офтэйк гэрээгээ цуцалбал Засгаас мөнгөө авчихмаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 22 секунд

Д.Баясгалан: Бид нүүрстэй чинь зууралдах ямар ч сонирхол алга. Офтэйк гэрээгээ цуцалбал Засгаас мөнгөө авчихмаар байна

"Бодь Интернэшнл" компани "Эрдэнэс Тавантолгой" компанитай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон нүүрс нийлүүлэх гэрээ хийснийг нууцаас гаргаад байгаа билээ. Энэхүү хоёр офтэйк гэрээний талаар "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

"Миний ойлгосноор Тавантолгой - Гашуунсухайтын төмөр замын гэрээг нууцад авсан цорын ганц шалтгаан нь тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулах байсан юм байна лээ. Нууцад аваад нүүрсний үнийг нэмж, хасаад байсан зүйл байхгүй.

Би тийм нууц яриад байдаг хүн биш. Хямдхан үнээр ажил хийлгэчхээд яагаад нууцад аваад байгаа юм бол гэж гайхдаг байсан.

Манай гэрээ 2019 онд байгуулагдсан. Нэмж 80 км төмөр зам барих гэрээ нь 2020 онд байгуулагдсан, 213 сая ам.долларын өртөгтэй. Энэ нь сонгуультай хамаагүй.

2020 оны гуравдугаар сарын 1-нээс төмөр замыг барих ажлаа эхлүүлсэн. Гэтэл гуравдугаар сарын 14-нд цар тахал гээд манай улс хилээ хаачихсан. Ингээд бүх гэрээ өөрчлөгдөөд, зарим нь цуцлагдаж, ажиллах хүч орж ирж чадахаа байсан. Тэр үед төслийг саадгүй явуулахын тулд онцгой, хил хамгаалах, яамд гээд бүх газраасаа дэмжлэг үзүүлээрэй л гэж хүсдэг байсан. Тэгж байж төсөл явсан. Эдгээр байгууллагынханд талархах хэрэгтэй.

Богдхан төмөр зам төслийн гэрээ энэ жилийн дундуур байгуулагдсан. Бидэнд нүүрсээ 26 сая доллароор өгсөн нь үнэн. 26 сая долларын нүүрс аваад ажлаа явуулж байхад төр засгаас энэ төслийг зогсоох бичиг ирээгүй. Гэхдээ ажил нь царцчихсан. Хэрэв зогсоох гэж байгаа бол төр засаг шийдвэрээ гаргаад зарцуулсан тооцоогоо нийлээд явахад асуудалгүй" гэв.

Офтэйк гэрээний тухайд:

- Бид анхнаасаа нүүрсний бизнес хийдэггүй. Одоо Засгаас мөнгөө авчихмаар байна. Бидний мөнгийг өгчихвөл зүгээр байна. Нүүрс мүүрстэй чинь зууралдах ямар ч сонирхол алга. Төсөлд заасан мөнгөө өгчих. Эд нар зөндөө мөнгө хайж яваад олоогүй хүмүүс, манай мөнгийг өгөхийн тулд мөнгө хайх л хэрэгтэй болно. Офтэйк гэрээгээ цуцалбал болно, асуудал байхгүй, цуцлаг. Цуцлах юм бол бидэнд санхүүжилтийг өгөх хэрэгтэй, 30 сардаа мөнгөө авмаар байна.

Биднийг офтэйк гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллагаас дуудаж, тодруулсан юм алга.

Нүүрсний хулгайн тухай:

- Хүмүүс нүүрсний борлуулалтын бүтцийг мэдэхгүйгээр дур дураараа яриад байгаа шүү. Нүүрсний аман дээрх үнэ хэд вэ, Цагаан хад гэж хаана байдаг, тээврийг хэн хийдэг, зарим гишүүн Тавантолгой хаана байдгийг мэддэггүй юм байна лээ.

Хилээр гарсан нүүрсний хэмжээ орж ирсэн валют хоёр олон тэрбум долларын зөрөөтэй гэж ярьсан нь нүүрсний худалдааг сайн ойлгоогүйн шинж гэж бодож байгаа.

Цар тахлаар Эрдэнэс-Тавантолгойн уурхай бүтэн жил зогсож, бүх хүндээ чөлөө өгөөд тараачихсан. Уурхай ажиллаагүй. Бид ч, Монгол Улс ч нүүрсээ гаргаж чадахгүй болсон.

Хятадууд 2019, 2020, 2021 онд авсан нүүрсээ гаргаж чадахгүй, Цагаан хаданд хадгалаад зарим нь ууршаад, зарим нь салхинд хийсээд, шатах нь шатаад тэд маш их алдагдал хүлээсэн. Сая үүд хаалга нь нээгдээд энэ хадгалсан нүүрсээ гаргасан чинь энэ жилийн нүүрс гэж буруу ойлгосон юм шиг байна лээ.

Төслийн туслан гүйцэтгэгч нарын нэрийг зарлах тухай:

- Тавантолгой - Гашуунсухайтын төмөр замын төсөлд 2016 оны 700 гаруй компани оролцсон, Төслийн туслан гүйцэтгэгч нарын нэрийг зарлахад бэлэн. Бидэнд энэ ажлыг аль болох хурдан хийгээд санхүүгийн өндөр үр өгөөжтэй гарахаа бодож байгаа. Тийм учраас гадаад, дотоод, намын компани байх нь хамаагүй ажлаа чанартай, хугацаанд нь хийж өгөх компани л хэрэгтэй. Уг төсөлд оролцох саналыг Тавантолгой төмөр замаас тавьсан.

Голомт банкны тухай:

- Би Голомт банкны үүсгэн байгуулагч захирлаар нь 12 жил, ТУЗ-ийн даргаар 5 жил ажилласан. 2012 онд энэ ажлаасаа больсон, "Бодь Интернэшнл" компанидаа илүү их төвлөрч ажилладаг. Голомт банк олон нийтийнх болсон, надаас гадна 22,000 хувьцаа эзэмшигчтэй. Би банкны үйл ажиллагаанд оролцдоггүй.

Осол их бүртгэгддэг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулжээ
Осол их бүртгэгддэг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулжээ
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.