Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн айлчлалын үеэр Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг тусламжаар нийлүүлэх болсноо АНУ-ын засаг захиргаа зарласан билээ.
Хамгийн орчин үеийн гэгддэг энэ зэвсэг Оросын агаарын довтолгоог эсэргүүцэхэд Украины армид чухал хэрэгтэй байгаа.
Хэрвээ Patriot системийг Украинд нийлүүлбэл “ноцтой үр дагавар” амсахыг ОХУ-ын тал өнгөрсөн долоо хоногт АНУ-д анхааруулж байв.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү зэвсгийг устгаж чадахаа амлажээ.
“Patriot бол хоцрогдсон систем. Аливаа зүйлд цоорхой үргэлж олддог. Оросын арми Patriot системийг устгаж чадна” гэж тэр хэлсэн байна.
Путин бас “бүх зэвсэгт мөргөлдөөн яриа хэлэлцээгээр өндөрлөдөг” гэж хэлсэн нь Украины тал эцэстээ газар нутгаа өгөх замаар дайныг дуусгахаас өөр аргагүй болно гэсэн утгатай үг байв.
“Хурдан байх тусмаа Киевийн талд ашигтай” гэж тэр нэмж хэлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленскийн АНУ-д хийж байгаа айлчлал Украины тал “яриа хэлэлцээнд бэлэн биш байгааг харууллаа” гэж хэлсэн байна.
Тэр бас “сүүлчийн Украин хүнийг үлдтэл” дайныг санхүүжүүлэх зорилготой байгаа АНУ-ыг энэ үеэр шүүмжилжээ.
Харин АНУ-ын конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2023 онд газар нутгаа чөлөөлөх дайнд нь эргэлт гарахыг амласан юм.
Дайны үр дүнгээс ирээдүйн дэлхий ертөнцийн дэг журам ямар байх нь шийдэгдэхийг тэр энэ үеэр онцолжээ.
“Украинчууд, Америкчуудын хувьд төдийгүй дэлхий дахинд ардчилал оршин тогтнох эсэхийг энэ дайны үр дүн шийднэ” гэж Зеленский хэлсэн юм.
АНУ-ын Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг энэ төрлийн хамгийн дэвшилтэт зэвсэг гэж үздэг ба дэлхий дахинд эрэлт нь маш өндөр байдаг гэлцдэг.
Пуужин нэг бүр нь $4.1 саяын зардалтай Patriot систем 40-160 км зайнаас дайсны пуужинг амдан устгах чадвартай юм байна.
Эх сурвалж: The Guardian