"БӨРТЭ ЧОНО 2022" - Шилдэг тамирчинд “Ташкент 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Парисын Их дуулгын хүрэл медальт, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медальт, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшсэн. Тэрбээр оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорлоо.
Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг жингийн финалд 2017 оны дэлхийн аварга, 31 настай, Японы Соичи Хашимототой барилдаж, вазари үнэлгээгээр ялснаар дэлхийн аварга болсон билээ. Ийнхүү Ц.Цогтбаатар жүдо бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав дахь тамирчин болсон юм.
Мөн оны шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн тамирчин Э.Ариунболд "Бөртэ чоно"-ын эзэн боллоо. Тэрбээр “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн.
Түүнчлэн чөлөөт бөхийн тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл оны шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарлаа. Тэрбээр “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Туркийн олон улсын тэмцээний мөнгөн медаль, Казахстаны олон улсын тэмцээний хүрэл медаль тус тус хүртсэн билээ.