2022 оны эцэс гэхэд ОХУ-аас БНХАУ, Монголд экспортлох эрчим хүчний хэмжээ 20 хувиар нэмэгдэнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов "Россия-24" телевизэд ярилцлага өгөхдөө дурджээ. "Энэ онд дорно зүг рүү чиглэсэн эрчим хүчний экспорт анхаарал татаж байна. Хятад, Монголд нийлүүлсэн нийт эрчим хүч 20 хувиар өсөөд байгаа. Оны эцэс гэхэд Хятадад экспортлох эрчим хүчний өсөлт 16 хувьд хүрэх болно" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортолж байгаа юм. Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс нийт 160.8 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эрчим хүчний импорт нэмэгдэхтэй зэрэгцээд цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж байна. Цаашид жил бүр 100 мВт орчмоор өсөж, 2025 онд 1680 мВт хүрэх төлөвтэй байгааг Эрчим хүчний яам тооцоолжээ.
Импортын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тал дээр хоёр талт гэрээнд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байгааг Монголын диспетчерийн үндэсний төв мэдээлсэн. Цаашид эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах хүрээнд эх үүсвэрийг солонгоруулах шаардлагатай байгааг тус төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням мэдээлж байсан юм.