Сурвалжлага: Музей үзэх хүний тоо хоёр дахин ихэсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 55 секунд

Сурвалжлага: Музей үзэх хүний тоо хоёр дахин ихэсжээ

Монгол Улсад гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдөр” тохиодог билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан энэ сарын 1-5-ны хооронд төрийн болон орон нутгийн өмчит музей үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм.

Fдрийн 15.00 цагийн үед Монголын үндэсний түүхийн музей руу ороход л хүмүүс энд тэндгүй бужигналдаж байлаа. Хүүхдүүдийн инээд баясал орчин тойрныг улам гэгээлэг болгох шиг. Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ дагуулан музей үзүүлэх нь ихэссэн нь илт байв. Мөн ангийнхаа 20 гаруй хүүхдүүдийг дагуулан музей үзүүлж буй багш нар олон байв. Тэрчлэн оюутан залуус хоорондоо маазарч, хөгжилдөнө. Бага насны хүүхдүүд тайлбарлагчийн ярьж буй зүйлийг анхааралтай сонсож, зарим нь гайхсан харцаар нэг нэгэн рүүгээ харах нь үүт түүхээрээ бахархахын эхлэл мэт.

Цааш явж уг музейн албан ажилтнаас “Музейн нээлттэй өдөр”-ийн талаар тодруулав.

МУЗЕЙ ҮЗСЭНЭЭР ӨӨРИЙН ОРНЫ СОЁЛЫН ТҮҮХИЙГ МЭДЭЖ АВДАГ

Монголын үндэсний түүхийн музейн Боловсрол олон нийт, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишигийн хэлснээр музей үзэх үнэгүй долоо хоногт өмнөх саруудаасаа хоёр дахин хүн ирж үздэг гэнэ. Тэрбээр ярихдаа "Олон жилийн дунджаас үзвэл зуны улиралд жуулчид их ирж үзнэ. Зуны улирлын зарим өдөр 500-600 хүн өдөрт ирдэг. Музейн хэвийн өдрүүдэд оюутан, сурагчид бага ирдэг бол жуулчин, ахмад настнууд илүү музейг зорьж ирдэг нь ажиглагддаг. Жилийн дөрвөн улирлаас шалтгаалж өдөрт үйлчилдэг хүний тоо янз бүр байх нь бий. “Музейн нээлттэй өдөр” гэдэг үйл ажиллагааг олон удаа зохион байгуулж байна. Тэгэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн музей ард иргэдэд соёлын уламжлалт өвийг хүртээж, соён гэгээрүүлэх, түүх заншлыг өвлүүлэх үндсэн дээр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр 2,900 гаруй үзэгч ирсэн бол өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 3700 хүн ирж Монголын үндэсний түүхийн музейг үзсэн. Амралтын өдрүүдээр энэхүү үйл ажиллагаа үргэлжлэх учраас гэр бүлээрээ үзэх үзэгчид их байна байх" гэв.

Тус музей нь хүүхэд буюу 0-16 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд бүх музей үнэгүй үйлчилдэг. Хэвийн өдрүүдийн тасалбарын үнэ том хүн 20,000 төгрөг, гэр бүлээрээ үзэхээр бол 15,000 төгрөг, гэрэл зураг авах бол 20,000 төгрөг, оюутан 10,000 төгрөг.

Боловсрол олон нийт, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг цааш ярихдаа "Манай музейн үйл ажиллагаа байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим гэж хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдрийг тохиолдуулан “Эх орны төлөөх үзэсгэлэн” түр үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагддаг. Монголын үндэсний музейн 60 мянган үзвэрийн 10 хувь нь ил байхад бусад үзвэрүүд нь далд байдаг. Үүнийг бид түр үзэсгэлэнгээр ил болгодог. Байнгын үзэсгэлэнгийн есөн танхимтай. Танхим бүрд нэн эртний Монгол орны үеэс эхлээд түүх, соёл, нийгэм ахуйн амьдралыг бүхлээр үзүүлдэг юм. Тухайлбал, музей үзэж буй хүн яарч үзлээ гэхэд байнгын есөн танхимыг 30-40 минутад үзэх боломжтой. Музейн тайлбар монгол, англи хэл дээр байдаг. Музей үзэхийн ач холбогдол нь тухайн хүн мэдлэгээ өргөжүүлж, өөрийн орны соёлын түүхийг мэдэж авдаг, танин мэдэхүйн мэдээллийг тархиндаа суулгаж чаддагаараа онцлог. Эдгээр ажлын хүрээнд “Музейн боловсролын хөтөлбөр”-ийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийг зөвхөн хүүхдүүдэд зориулж гаргасан. Жишээлбэл, музей үзээд дууссан хүүхдүүдийг үзсэн музейнийхээ талаарх дотоод мэдрэмжийг хуваалцах гэж зураг зуруулах юм. Мөн одоогоор жуулчны улирал эхлээгүй байгаа. Гэхдээ гуравдугаар сарын 1-ний өдөр 20 гаруй япон жуулчин ирж үйлчлүүлсэн. Зуны улиралд долоо хоног бүрийн бүх өдөр ажилладаг. Тиймээс зуны цагийн хуваарьд өөрчлөлт ороод өглөөний музей, үдшийн музей гэсэн хуваарьтай болсон” гэсэн юм.

ХҮҮХЭД ЗАЛУУСТ “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОНЦЛОГТОЙ САНАГДЖЭЭ

Харин музей үзэж буй хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход “Чингис хаан” үндэсний музейг анх удаагаа үзлээ, их таалагдлаа. Гэхдээ хичээлээ тараад найзтайгаа цуг шууд очсон юм. Тэгээд бараг хаах дөхөж байхад нь үйлчлүүлсэн. Сайн үзэж чадаагүй ч гэлээ үнэхээр гоё санагдсан. Өнөөдөр Монголын үндэсний музейг үзэж байна. Энэ музейд өмнө нь цөөнгүй байсан болохоор “Чингис хаан” үндэсний музей шиг сонирхолтой санагдаагүй” гэж Нийслэлийн 33-р сургуулийн долоодугаар ангийн сурагч Г.Бүжинлхам хэлсэн юм.

Харин МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан С.Учрал “Арван жилд байхдаа хааяа музей үздэг байсан. Арван жилийн ангийн багш маань ангийнхныг дагуулж музей үзүүлдэг байлаа. Музей үзсэнээр түүхээ сайн мэддэг болно. Учир нь эртний үеэс уламжилж ирсэн зүйлсийн утга учир, тайлбарыг мэдэж авна гэдэг их сонирхолтой шүү” гэж ярьсан юм.

Монголын үндэсний түүхийн музейгээс гарч цааш алхан Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей рүү орлоо. Монголын түүхийн музейд түмэн олон бужигнаж байсан бол энд нам гүм ноёлжээ. Дотогш ороход тийм ч их оочир, дараалалгүй хэсэг хүн хоорондоо ярилцаж байв. Г.Занабазарын нэрэмжит музейд хүүхэд, залуусаас илүү ахмад настнууд байсан юм.

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн тайлбарлагч Д.Нарангэрэл “Занабазарын нэрэмжит музей хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бүх өдөр үнэгүй үйлчилдэг. “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулж хүүхэд, залуус маш их ирж байна. Хэвийн өдрүүдэд музей үзэх үнэ том хүн 10,000 төгрөг, оюутан 3,000 төгрөг. Музейд тусгай хөтөч, орчуулагч байдаг тул гадаад жуулчид ирэх гэж байгаа бол эхлээд холбогдож бидэнтэй хөтчөө тохирдог. Жуулчны улирал эхлэхээр ачаалал эрс нэмэгдэж өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг. Хэвийн өдрүүдэд ч бага насныхан, оюутан залуус музей сонирхож үзэх нь бий” гэлээ.

“Би ч нэг их музей үзээд байдаггүй л дээ. Харин “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулж нийслэлийнхээ ихэнх музейгээр орж үзнэ гэсэн бодолтой байгаа. Өчигдрөөс хойш нийт дөрвөн музейгээр орсон. Хамгийн таалагдсан нь “Чингис хаан” үндэсний музей байсан. Учир нь доторх тохижилт нь бусад музейгээс илүү ялгарч харагдсан” гэж иргэн Д.Цогтгэрэл ярьсан юм.

Нэгэн ахмад настан нэлээд явлаа, Занабазарын музейд ирээгүй их уджээ. Энд хүн их цөөхөн байна. Харин өчигдрийн “Чингис хаан” үндэсний музейд ороход их хүн бужигнаж байсан. Сүүлдээ ч хөл чилж, их ядарсан. Гадаад жуулчид зунаас Чингис хааны музейг их сонирхож үзэх байх. Гоё орчинтой, өндөр хийцтэй музей болсон байна билээ гэж хэллээ.

Г.Занабазарын музейгээс гараад Чингис хаан үндэсний музей рүү очих үед хаах цаг нь болсон тул хүмүүсээ гаргаад хамгаалагч нь хаалгаа барьж байсан юм. Гэвч хүмүүс цагийн хуваарийн дагуу хаасан гэдгийг нь ойлгохгүй дор бүрнээ цухалдаж байлаа. Зарим хүн “арай гэж ажлаа тараад ирж байхад чинь хаачих юм. Хүн үзэж амжаагүй байхад цагийн хуваарьтай өөрчлөлт оруулаасай билээ” гэсэн юм. Хаагаад дотроосоо түгжигдсэн хаалгыг нь дахин нүдэх арван жилийн хоёр хүү “явъя даа, амралтын өдрөөр ирье” гэв.

Нэгэнт цагийн хуваарийн дагуу ажлын цаг нь дууссан тул цааш явж Монголын театрын музей рүү явлаа. Тус музейгээс оюутан залуус инээлдэн цааш явж одов. Энэхүү музей рүү ороход дотор нь тавхан хүн байсан юм. Кино урлаг, соёлын үзвэрүүдээс харахад дээр үеийн дуучин, жүжигчин, найруулагч нарын сор бүтээлүүд ч байсан юм. Уг музей гурван давхартай, зургаан танхимтай аж.

Монголын театрын музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Майнцэцэг “Соёлын сайдын албан ёсны тушаалаар гуравдугаар сарын 1-5-ны өдөр хүртэл бүх музейг үнэгүй үзүүлнэ гэсэн тушаал гарсан байгаа. Манай музейн урлаг, уран сайхны чиглэлийн музей юм. Бүх музей өөрийн гэсэн онцлогтой тул өөрсдийн онцлогт тохирсон үзвэрүүдийг дэлгэн тавьсан байдаг. Өчигдрийн буюу гуравдугаар сарын 1-ний өдөр 200 гаруй үзэгч ирсэн. Өнөөдөр 1000 гаруй үзэгч зорьж ирлээ. Музей үзэж буй хүний дийлэнх нь ЕБС-ийн сурагчид байна. Музейн тухай хуулийн 9.1-т Монгол Улсын харьяат 16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ гэсэн заалтын дагуу бүх өдөр 0-16 насны хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэгүй үйлчилдэг. Мөн музейн нээлттэй өдрийн хүрээнд гэр бүлээрээ ирж буй хүн элбэг байна. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд аав, ээжтэйгээ ирж байгаа. Өнөөдөр ой хүрээгүй хүүхдээ тэврээд музей үзэж байсан нь их онцлууштай байлаа. Монголын театрын музейгээс хүмүүс урлаг, уран сайхан болоод кино урлагийн түүхийн мэдлэг олж авдгаараа онцлогтой. Мөн энэхүү музейг яг зорьсон зорилтот үзэгч дийлэнхдээ ирж үздэг. Өчигдөр болон өнөөдрийн хувьд гадаад жуулчин нэг ч үйлчлүүлсэнгүй. Хэвийн өдөр музей үзэх тасалбарын үнэ том хүн 5,000 төгрөг, оюутан 3,000 төгрөг байдаг” гэлээ.

Г.ХУЛАН

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт олгоно
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт олгоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ