Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, өдгөө Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайваныг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан албадан саатуулсан.
Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264 сая төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан.
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “... ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын компанийн данс руу хахуулийн мөнгөө шилжлүүлсэн байдаг.
Тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 09-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлоод байсан ч шүүх хурал талуудын хүсэлтээр энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшилсон байна.