Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.
Тус хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.
Орж ирж байгаа шинэ автобуснууд дотроо 8 камертай. Нэг камер жолоочийг хянана. Тэдний тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй байх зэргийг хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа. Тэгэхээр жолоочтой холбоотой асуудал, гомдол байхгүй болж байгаа” гэжээ.