2022-10-03, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Булганы Гантулга томилогдлоо. Тэрбээр анхны ажлын гараагаа ХасБанкнаас эхлүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн салбарт 20 орчим жил ажиллахдаа Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтах компаниудыг амжилттай удирдаж ирсэн.
Б.Гантулга нь хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд удирдаж байсан Сүү хувьцаат компани, ЛендМН компаниудын ашигт ажиллагааг 2-3 дахин нэмэгдүүлж, Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллах хугацаандаа компанийн нийт активын хэмжээг 10 дахин, харилцагчийн тоог 153 дахин, харилцагчийн тэтгэврийн хуримтлалын хэмжээг 19 дахин тус тус нэмэгдүүлэн тэтгэврийн шинэчлэлийн ажлын эхлэлийг амжилттай манлайлан ажилласан шилдэг CEO нарын нэг билээ.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны хувийн үнэт цаасны бирж юм. 2021 онд ребрандинг хийж биржийн үндсэн үйл ажиллагааны платформ болон өнгө төрхийг өөрчилсөн бөгөөд 2022 онд Global Banking & Finance Awards-с “Шилдэг өсөлттэй бирж” шагналыг хүртсэн амжилттай ажиллаж байна. Улаанбаатар үнэт цаасны биржийн хувьд арилжааны үндсэн 1,2-р талбараас гадна хөгжлийн талбартай бөгөөд тус талбар нь жижиг, бизнесүүдэд хөгжих талбарыг олгодгоороо онцлог юм.
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр тасралтгүй хангах нь дэд бүтцийн байгууллагын үндсэн үүрэг бөгөөд бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа тасралтгүй олон улсын биржүүдийн туршлагыг судалж, дэвшилтэт, уян хатан систем, мэргэшсэн хүний нөөцтэйгөөр, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараачийн шатанд гаргах бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бирж нь энгийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх арилжаалахаас гадна үнэт цаас зээлэн арилжих, фьючерс, опцион зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалах боломжтой. Түүнчлэн, бирж дээр бүртгэлтэй үнэт цаасны арилжаанд орох хөрөнгө оруулагчдад олон улсын жишгээр уртасгасан цаг, маржин арилжаа хийх боломжуудыг бүрдүүлсэн байна.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн ТУЗ-өөс гарсан дээрх шийдвэрийг зохих журмын дагуу СЗХ-д хүргүүлж шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг бүртгүүлэх ажил ойрын өдрүүдэд хийгдэх юм.
Хөгжилд Хамтдаа
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар
Холбоо барих утас : (+976) 7000-0501
И-мэйл хаяг: [email protected]