Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр Токио хотноо болсон байна. Уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн талаас Төрийн Департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан ТНБД-ын орлогч Марк Ламберт, Японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Т.Фүнакоши нар тэргүүлж оролцжээ.
Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээ болоод Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх талаар тус тусын бодлоо хуваалцаж, энх тайван ирээдүйг хангахын тулд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Эдийн засгийн шинэ сорилттой тэмцэхийн тулд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдлыг онцолсон байна.
Мөн Япон, АНУ, Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд, тэдгээр төслүүдийн харилцан хамаарал болоод Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцжээ.
Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц төслийн талаар танилцуулсан байна.
Гурван талт уулзалтын үеэр цөмийн зэвсгийн эрсдэл болоод олон улсын аюулгүй байдлын түвшин буурч байгаад зовниж байгаагаа талууд илэрхийлжээ. Мөн цөмийн зэвсгийг хориглохыг бусад улс оронд уриалсан байна.