"Эрчим хүчний хүрэлцээ, хэмнэлт" зөвлөгөөн хэлэлцүүлгийн шатаар үргэлжилж байна. Панел хэлэлцүүлгийн модератор эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан нийт хэрэглэгчдийг төлөөлөн Эрчим хүчний яамны төлөөллүүдэд асуулт тавив.
Тэрбээр "Цахилгаан хязгаарлана гэж ярьж байна. Энэ бол аймшигтай үг. Бөмбөгдөлтөд өртөж байгаа Киевт л энэ талаар ярих боломжтой. Гэтэл Монгол Улсад дайн болоогүй байхад бид яагаад цахилгаанаа хязгаарлуулах ёстой вэ. Зах зээл зохицуулж болох юмыг төр зохицуулах нэрээр оролцож байна. Энэ бүхнийг зах зээлийн механизм руу шилжүүлэхэд юу нь болохгүй байгаа вэ?" хэмээн асуув.
Энэ асуултад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Нөхцөл байдлыг нийгэмд бодитой танилцуулж байх ёстой. Өнгөрсөн шөнийн оргил ачаалал 1427 МВк хүрсэн тухай олон хүн ярьж байна. Үүнээс цааш хэрэглээг одоо байгаа техникийн боломжийн хүрээнд хангаж чадахгүй учраас энэ тоог бид онцолж яриад байгаа юм. Үйлдвэрлэлээс давсан хэрэглээг хангаж чадахгүй учраас хэсэгчлэн хязгаарлах тухай ярьж байна. Цахилгаан хязгаарлана гэдэг аймшигтай үг болов ч салбарын бодит байдал ийм л байна.
Мөн дулааны эрчим хүч хүнд байгаа. Олон илтгэгч маш тодорхой тоо баримттай ярьж байна. Хэмнэлт бол нааштай үр дүн өгөх хүчин зүйл. Хэмнэж байж хүчин чадлын дутагдлаас гарна. Хэмнэлт гэдэг ойлголт нэг хүнд ч гэсэн мэдээлэл болж очоосой гэж хүсэж байна.
Бас үнэ тарифыг ухаалаг болгох хэрэгтэй. Одоо болж байгаа ч бидний хүссэн хэмжээнд авч ирэхийн тулд илүү боловсронгуй болгох, шөнийн тарифыг дэмжих шаардлагатай гэж бодож байгаа.
Мөн бид стандартаа өөрчлөх хэрэгтэй байна. Дулааны алдагдалтай барилга, байгууламжид өндөр стандарт тавиад ач холбогдолгүй. Стандартын том малгай нь эрхзүйн орчин шүү дээ" гэж хариуллаа.