Жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сард одонтой эхийн тэтгэмж олгодог билээ. Нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200.000 төгрөг. Харин хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.000 төгрөг олгодог. Энэ жилийн одонтой эхийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгох юм байна.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад, “Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн хоёрдугаар зэргийн одон авах болзол хангадаг. Алдарт эхийн одонтой эхэд жилд нэг удаа цагаан сарын өмнө тэтгэмж олгодог. Нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200.000 төгрөг. Харин хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.000 төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай.
Өнгөрсөн онд “Алдарт эх”-ийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхэд олгосон. Үүнээс 65 орчим мянган 1-р зэргийн одонтой, 170 орчим мянган 2-р зэргийн одонтой ээжүүд бий.
Энэ оны одонтой ээжийн тэтгэмж ирэх сард олгогдох тэтгэмжүүдтэй хамт хоёрдугаар сарын 20-ны өдөр олгоно” гэлээ.
“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авахаар болжээ. Алдарт эхийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
- Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
Анхаарах зүйл:
- Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
- Хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх /2023 оны зургадугаар сарын 01-нээс өмнө/
- Нэгдүгээр одон авах бол хоёрдугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах аж.