Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байх үед цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай өчигдөр мэдээлсэн.
Энэ тухай ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр "Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:
Манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг алба хаагчид цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон талаар зарласан. Цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр ус холбогдсон. Бид хуулийн хүрээнд эрх бүхий Мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Шалгах ажиллагаа гэм буруутай, гэм буруугүй эсэх материалыг бүрдүүлж, дүгнэдэг учраас цахим сүлжээгээр тодорхойлох боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явц гэдэг маань тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоох ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.
Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан. Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн. Үндсэн хуульд заасан шүүхийн байгууллагын эцэслэн шийдвэрлэх тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албанд мянга мянган алба хаагчид ажилладаг гэдгийг ойлгох нь чухал гэжээ.