Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хойшлуулаад байгаа.
Дээрх хуулийн төслийн хүрээнд гадаадын иргэнд газрыг 60+40 буюу 100 жилээр өгөхөөр боллоо гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Үүнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.
Тэрээр "1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе.
1993 оны хууль: “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”.
2013 оны хууль: “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах ”Харин 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуулинд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна.
Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль: “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.
УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна. Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ." хэмээн дараах баритыг хавсаргав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан төслийн таниулгадаа "Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна" хэмээсэн.
Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.
Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.