“Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэх мэдээлэх самбарын зохицуулалтын талаар өнөөдөр /2024.01.12/ Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Ариунболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг 2016 онд хэд хэдэн газруудад байрлуулсан. Энэ үед Улаанбаатар хотод замын түгжрэл эхэлж байсантай холбоотойгоор түгжрэлийг шийдэхийн тулд байрлуулсан байгаа юм. Харин одоо "Зам тавьж өгөөд баруун эргэж болно" мэдээлэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно.
Учир нь Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэж, дээрх мэдээлэх самбар шаардлагагүй болсон. Гэхдээ уг самбар байхад эрхзүйн акт зөрчигдөхгүй.
Эдгээр шаардлагагүй самбарыг буулгуулахаар хэд хэдэн удаа Нийслэлийн Замын Хөгжлийн Газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл буулгаагүй байна. Тиймээс "Зам тавьж өгөөд баруун эргэж болно" самбарыг зөрчсөн үндэслэлээр хэн нэгнийг торгохгүй. Хэрэв тийм тохиолдол гарсан бол Тээврийн цагдаагийн албанд хандаарай” гэлээ.